Аманда Нуньес боксын олимпын аваргатай тулалдах уу

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт үзэгчдэд сонирхолтой тулаан хийх хүсэлтэй хүн. Үүнийхээ тулд тулааны бусад урлагийн аваргуудыг холимог тулаанд урин дууддаг болоод байгаа. Саяхан Уайт “UFC холбооны эмэгтэйчүүдийн хоёр жингийн  аварга Аманда Нуньесийг сонирхогчдын боксын олимп, дэлхийн аварга, мэргэжлийн боксын дөрвөн том холбооны дунд жингийн аварга Кларисса Шилдстэй тулалдвал тун сонирхолтой” гэсэн мэдэгдэл хийсэн.

Энэ талаар Аманда Нуньес "MMAFighting”-д ярилцлага өгөхдөө “Кларисса Шилдс миний сүүлийн тулааныг үзээд сууж байсан. Де Рандамиг яаж зодож байгааг минь харсан. Хэрэв тэр надтай зодолдмоор байгаа бол холимог тулаанд хүрээд ир. Би түүнийг торон дотор тамлах болно. Таалагдах эсэхийг нь үзье. Би түүнийг боксчны хувьд хүндэлдэг. Гэхдээ би холимог тулаанч хүн. Би бокст орохгүй, энд надад бүх зүйл сайхан байна. Шилдс хагас жилийн дотор хөлд орохоос хамгаалж сурна гэж хэлсэн гэл үү? Кик боксчин Де Рандами зургаан жил хичээгээд сураагүй л байсан” гэж хэлсэн байна.

Кларисса Шилдс – 24 настай. 2012, 2016 оны олимпын аварга. 2014, 2016 оны дэлхийн аварга. 2015 оны Панамерикийн аварга. 2016 оны олимпын хамгийн техниктэй боксчны шагналт. 2016 онд мэргэжлийн бокст шилжиж, 9 тулалдан, 9 ялсан. Үүнээс хоёр тулаанд хүнд цохилтоор ялалт байгуулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кристина Хаммерийг ялж,  WBC, WBA, IBF, WBO холбооны аваргын бүсээ хамгаалсныхаа дараа эрэгтэй боксчдыг тулаанд дуудаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top