Испанийн Ла Лигийн 10 дугаар тойргийн хойшлогдсон тоглолт өчигдөр Барселонад болж өнгөрлөө. Мэдээж “Эль-Класико” болгон сонирхолтой, өрсөлдөөнтэй сайхан болдог. Харин өчигдрийн тоглолт спорт гэхээсээ илүү улс төрийн уур амьсгалтай тулаан байв.
Шууд хэлэхэд тоглолт 0:0 хуурай тэнцсэн. “Эль-Класико”-д гоол ороогүй хамгийн сүүлийн тохиолдол 2002 онд буюу 17 жилийн өмнө л болж байжээ.
“Барселона” – “Реал” Мадрид 0:0 (0:0, 0:0)
“Камп Ноу”
“Барселона” – тер Штеген, Семеду (Видаль, 55), Пике, Лангле, Альба, Серхи Роберто, Ракитич, де Йонг, Месси, Суарес, Гризманн (Фати, 83).
“Реал” Мадрид – Куртуа, Карвахаль, Варан, Рамос, Менди, Каземиро, Вальверде (Модрич, 80), Кроос, Иско (Родриго, 80), Бэйл, Бензема.
Шар хуудас: Ракитич (21), Суарес (40), Лангле (45), Каземиро (66), Бэйл (70), Иско (76), Рамос (78), Карвахаль (90).
Энэ тоглолт аравдугаар сарын сүүлээр болох байсан ч Каталонд болсон үймээний улмаас хойшлуулсан. Испанийн шүүхээс Каталоны тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд ял оноосныг эсэргүүцсэн жагсаал Барселона хотод болж байсан тул Ла Лигээс аюулгүй байдлыг хангах үүднээс хойшлуулсан юм.
Тоглолтын өмнө каталончууд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байсан. Эхлээд тэд цагдаа нарын жагсагчдыг буудсан резин бөмбөгтэй ижил хар бөмбөг талбайд хаяхаар бэлтгэж байсан ч Каталоны бэлгэ тэмдгийн өнгөтэй бөмбөг шидэж, хоёрдугаар үеийн эхэнд тоглолтыг хэсэг саатуулсан.
“Ардчилсан цүнами” бүлэг энэ бүхнийг зохион байгуулсан бөгөөд тус бүлэг аравдугаар сард Барселоны нисэх буудлыг эзэлсэн, 260 мянган гишүүнтэй том бүлэглэл юм. Бүлгийн гишүүдийг цэнгэлдэхэд ороход нь нэгжиж, “Испани, суугаад ярилцъя”, “Эрх чөлөө” гэсэн уриа бичсэн хуудсыг нь хураан авч байлаа. Гэсэн ч цэнгэлдэх тэр чигээрээ уриа лоозонгоор дүүрсэн байсан.
Хоёр баг цэнгэлдэхээс 800 метр зайтай “Princessa Sofia de Barcelona” зочид буудалд хамт байрласан. Багийн автобусыг хоёр өөр хаалгаар гарган, хамгаалалтын арга хэмжээ авсан байв. Цэнгэлдэхэд тусгай албаны 3000 ажилтан ажиллаж байлаа.
Цэнгэлдэхийн ойролцоо “Ардчилсан цүнами” бүлгийнхэн “Барса”-гийн барууны үзэлтэй бүлэг болох “Boixos Nois”-той мөргөлдөж, шар айргийн лаазаар шидэлцэн, “Фашистууд, зайл” гэж хашхиралдаж байв.
Тоглолтын дараа ч үймээн үргэлжилж, балиашгууд цагдаа нартай зодолдон, хогийн сав шатаасаар үүр цайлгасан байна.
“EFE Agency”-ийн мэдээгээр 46 хүн гэмтэж, зургаан хүн эмнэлгийн тусламж авсан гэнэ. Харин “Реал” багийнхан “Камп Ноу” цэнгэлдэхээс шууд нисэх буудал явжээ.
Сэтгэгдэл ( 0 )