“Хөдөөгийн багш нарыг чадавхжуулах” төслийг Дархан-Уул аймаг гурван жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд бага ангийн багш, сурагчдад өгүүлбэртэй бодлогыг дугуйн аргаар бодох аргачлалыг Цагааны Баттогтох заажээ. Энэ нь үр дүнтэй аргачлал байсан бөгөөд өнөө жил анх удаа ерөнхий боловсролын сурагчдын дунд дугуйн арга арифметикийн анхдугаар уралдааныг явуулсан байна. Тус уралдаан 2 үе шаттай бөгөөд эхний шатанд 22 сургуулийн 1800 гаруй багш, сурагч оролцож, хоёрдугаар шатанд 524 сурагч шалгаран аваргаа тодруулжээ.
100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн 25 сурагч байсан бөгөөд 75 хүүхэд Улаанбаатар хотын олимпиадад орсон бодлогыг бодож чаджээ. Энэ нь Дархан-Уул аймгийн сурагчдын оюуны цараа ямар байгааг харуулж чадсан амжилт юм.
Харин багш нарын төрөлд төрийн өмчийн 21 сургуулийн 259 бага боловсролын багш нараас багийн дүнгээр "Оюуны ирээдүй" сургууль, Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 22 багш нараас багийн дүнгээр "Монгол оюу" сургуулийн багш нар тус тус тэргүүлсэн байна. Зургаадугаар ангийн төрөлд ерөнхий боловсролын есөн сургуулийн 371 сурагчаас анги хамт олноороо "Од" цогцолбор сургуулийн С.Мэндсайхан багштай 6а анги тэргүүлж шилжин явах цомын эзэн болсон юм.
Хувийн хэвшлийн таван сургуулийн 153 сурагчаас 19 дүгээр сургуулийн Л.Баасанхүү багштай 5в анги тэргүүлжээ. Мөн тэмцээний үеэр Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр "Монгол Оюу" сургуулийн бага боловсролын багш Б.Эрдэнэчимэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр "Оюуны ирээдүй" сургуулийн математикийн багш Б.Энхбаяр нарыг шагнаж урамшууллаа. Цаашдаа энэхүү уралдааныг жил бүр зохион явуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )