Сан-Маринод 2019 оны шилдэг тамирчнаа тодрууллаа. Тус улсын түүхэнд анх удаа чөлөөт бөхийн тамирчин “Оны шилдэг тамирчин” болжээ.
40 мянган хүн амтай энэ бяцхан улсад тив, дэлхийн хэмжээний бөх огт байгаагүй. Харин энэ жилээс Сан-Мариногийн далбаан дор барилдаж эхэлсэн Майлз Амине тус улсын нэрийг бөхийн ертөнцөд дуурьсгаж эхэллээ.
Майлз Амине энэ жил Европын наадмаас хүрэл медаль хүртэж, Нур-Султаны ДАШТ-ээс олимпын эрх авч чадсан. Дэлхийн аваргад Амине 86 кг-ын жинд шагналт тавдугаар байр эзэлсэн. Хагас шигшээд олимпын аварга Ираны Хасан Язданид, хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын Артур Найфоновт ялагдсан ч Али Шабанов (Беларусь), Юриоркис Торребланка (Куба), Сосүкэ Такатани (Япон), Ахмед Дударов (Герман) нарын хүчтэй бөхчүүдийг дараалан ялсан юм.
Майлз Амине Америкт төрсөн. Тэнд чөлөөт бөхөөр хичээллэж, их дээд сургуулиудын тэмцээнд орж байсан ч АНУ-ын шигшээ багт орж чадаагүй. Тиймээс олимпын наадамд оролцохын тулд ээжийнхээ төрсөн улс болох Сан-Мариногийн иргэншил авчээ. Аминегийн аав нь Америкт их дээд сургуулийн багт барилддаг байсан бол өвөө Назем Амине нь 1956, 1960 оны олимпын наадамд оролцож байсан бөх.
Удамт бөх Майлз Амине 23 настай. АНУ-д амьдарч, бэлтгэл хийдэг хэвээр байгаа. Багш нь олимпын хошой аварга, ОХУ-ын Сергей Белоглазов.
Сэтгэгдэл ( 0 )