ШИЙДВЭР: Бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээлээ

2019 оны 12 сарын 20

 Мөнгөний бодлогын хороо 2019 оны сүүлийн хурлаас гарсан шийдвэрээ танилцууллаа. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргажээ.

Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг зарим гишүүн оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн байна. Банкны Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%, Гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргажээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улсын гадаад валютын нөөц энэ оны эцэст 4.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоололтой байгааг хэллээ. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг  хангах  хэмжээ. Ер нь  импортын 1 жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдлийг хүргэе.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.0 хувь байна. Нийлүүлэлтээс шалтгаалсан цөөн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляцийн хэлбэлзлийг тайлбарласан хэвээр байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна. Цаашид инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна.

Экспортын үнэ харьцангуй таатай түвшинд хадгалагдаж, төсвийн зардал тэлж, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа ч гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарахаар байна. Ирэх онд төсвийн зардал тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих боловч уул уурхайн салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулалтын өсөлт саарч эдийн засгийн идэвхжил тогтворжих төлөвтэй байна.

Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв.

Түүнчлэн Мөнгөний бодлогын хорооноос төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрчүүд(202.126.88.224) 2019 оны 12 сарын 21

Сургалтын төлбөрөө оюутануудыг дарамтлан урьдчилан бүтнээр нь авч дээрмийн мөнгөө эргэлтэнд оруулж мөнгө угааж залуусыг шулж байгаа МҮИС-ийг шалгаж өгөөч

0  |  0
Top