Их хэмжээний чанаргүй хиам, бялууг устгуулжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баярыг угтан арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн хяналт, шалгалт явуулсан билээ. Тус шалгалтад хүнсний худалдаа үйлчилгээ болон хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гээд нийт  557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулжээ. Улсын хэмжээнд 2106 зөрчил дутагдал илрүүлж 60 хувийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчилд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зөрчил түгээмэл илэрсэн ажээ.

Хураан авсан бүтээгдэхүүний талаар МХЕГ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас тодрууллаа.


-Зөрчилтэй бүтээгдэхүүнийг хураан авсан гэлээ. Жишээлбэл, ямар бүтээгдэхүүн байсан бэ?

-Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж байсан стандартын шаардлага хангаагүй  “Мөнхжин Од” компанийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан. “Моннидер” компанийн “Оргил” сүлжээ дэлгүүр, “Алтан гадас” трейд, “Тэнгэр трейд” компаниудын худалдаалж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг 1.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан хурааж зөрчлийг арилгасан. “Жүр Үр” компанийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар  устгуулсан.

-Хэчнээн торгууль ногдуулсан бэ?

-10 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгаж, 14 сая төгрөгийн торгууль Зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулаад байгаа гэнэ. Улсын байцаагчийн 215 заалт бүхий 32 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, бүтээгдэхүүн устгалын 38 акт, 14 дүгнэлт гаргаж 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт хийлээ.

-Лабораторид шинжлүүлсэн дээжүүдийн хариу ямар гарсан бэ?

-Шалгалтын явцад 188 нэр төрлийн 323 түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч мэргэжлийн хяналтын байгууллагын лабораториудад шинжлүүлэхэд 48 дээж чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, гурван дээжийн сорилтын дүн стандартын шаардлага хангаагүй, 272 дээжийн хариу гараагүй байна.

М.Туяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top