Цаатан хүү Б.Сугараа мөрөөдлөө биелүүлж, "Цөмөөхэй"-д дүр бүтээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг шинэ жилийн өмнөх хамгийн эрэлттэй үзвэр байдаг. 

"Монголын балетын хөгжил сан"-гаас зохион байгуулж, Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн найруулгаар зургаа дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгож буй "Цөмөөхэй" өнгөрсөн амралтын өдөр эхний тоглолтуудаа хүргэсэн бол одоо энэ амралтын өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сүүлийн үзвэрээ толилуулахаар бэлтгэж байна. 
 


“Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ жил онцгой нэгэн зочинтой байгаа талаар бид өмнө нь мэдээлж, Хөвсгөлийн тайгаас хөл ихтэй хотыг зорин ирж, “Цөмөөхэй”-д дүр бүтээж байгаа Б.Сугараа хүүгийн ярилцлагыг хүргэсэн билээ.
 


Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Хөвсгөл аймагт аялж явахдаа анх танилцан, “Цөмөөхэй”-д тоглохыг урьсны дагуу хотод ирсэн Б.Сугараа өнгөрсөн долоо хоногт мөрөөдлөө биелүүлж, театрын тайзнаа бүжлээ. 
 


“ЦӨМӨӨХЭЙ”-Д БҮЖИГЛЭХ ЦААТАН ХҮҮ Б.СУГАРАА
 


-“Цөмөөхэй”-д ийм холоос ирж тоглосон хүүхэд ховор байх. Анх яаж ийм боломж олдсон талаараа ярьж өгөөч?

-Намар Д.Алтанхуяг ах манайд гадаад хүмүүстэй хамт ирсэн юм. Тэр үед сайн танилцаад, балетын мундаг бүжигчин гэдгийг нь мэдсэн. Би түүнээс “Балетын бүжигчин гэхээр ямар бүжиг бүжиглэдэг вэ” гэж асуусан юм. Тэгтэл Д.Алтанхуяг ах өөрөө бүжиглэж үзүүлсэн, Тэгээд намайг “Чи арванхоёрдугаар сар гаргаад хотод ирээрэй. Тэр үед нэг тоглолт болно. Оролцвол их сайхан” гэж хэлсэн юм.

-Тэгээд аав, ээж нь зөвшөөрөөд, наашаа ирсэн үү?

-Би сая арванхоёрдугаар сар гарангуут аав, ээжтэй Цагааннуур сум руу очихдоо сүлжээтэй газраас Д.Алтанхуяг ах руу өөрөө залгасан. Д.Алтанхуяг ах шууд л намайг хүрээд ирээрэй гэсэн. Ингээд бид хэд бэлтгээд сая ирлээ. Аав, ээж хоёр намайг ганцаараа явж чадах уу гэсэн. Би болохоор хоёулантай нь хамт явна гээд хамт ирсэн. Ирсэндээ их баяртай байна. Намайг ийм том тоглолтод оролцохыг зөвшөөрч, ийм сайхан адал явдал бэлэглэсэнд баярлаж байна.

-Сандарч байна уу?

-Гайгүй ээ. Олон хүүхэд хараад эхлээд жаахан сандарсан. Багш нар, хүүхдүүд надад хийх бүх зүйлийг зааж өгч байна. Тоглолт болтол сайн хичээж сурна аа.

-Д.Алтанхуяг гавьяат өөрөө бэлтгэл удирдаж, чамд дасгал, хөдөлгөөнийг зааж өгч байна?

-Тийм ээ. Үнэхээр гоё санагдаж байна. Ийм том алдартай бүжигчин бидэнд сайхан хандаж байгаа нь итгэхийн аргагүй л байна. Аав, ээж хоёр бас их баярлаж байгаа. ЦААШ УНШИХ



"ЦӨМӨӨХЭЙ" тоглолтын хуваарь
 

  • 12 сарын 27-нд  19:00 цагаас
  • 12 сарын 28-нд  12:00 цагаас
  • 12 сарын 28-нд  17:00 цагаас

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top