[БИДНИЙ НЭГ] “Цөмөөхэй”-д бүжиглэх ЦААТАН ХҮҮ Б.СУГАРАА

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

“Цөмөөхэй”-д Хөвсгөлийн тайгаас ирсэн цаатан хүү дүр бүтээнэ

“Монголын балетын хөгжил сан”-гаас зургаа дахь жилдээ толилуулж байгаа “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ жил онцгой нэгэн зочинтой байгаа. Түүнийг Б.Сугараа гэдэг. Хөвсгөлийн тайгаас их хотыг зорин ирж, Дуурийн театрын тайзнаа “Цөмөөхэй”-д тоглож, дүр бүтээж буй цаатан хүүгийн ярилцлагыг хүргэж байна. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Хөвсгөл аймагт аялж явахдаа түүнтэй анх танилцан, хүүг “Цөмөөхэй”-д тоглохыг урьжээ. Б.Сугараа хүү аав, ээжийн хамт Улаанбаатарт ирж, бусад хүүхдүүдийн хамт бүжгийн бэлтгэлээ хийж байх үеэр түүнтэй уулзсан юм.


-Сайн байна уу. Хамгийн холоос ирсэн зочинтойгоо танилцъя?

-Намайг Б.Сугараа гэдэг. Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, баруун тайгаас ирсэн. 11 настай. Бараг 12 настай гэж болно. Арванхоёрдугаар сарын 18-нд 12 нас хүрнэ.

-Удахгүй төрсөн өдөр нь болох юм байна. Б.Сугараа хаана төрсөн бэ?

-Би баруун тайгад, цаатны урцанд төрсөн. Аав маань бас баруун тайгадаа төрсөн.

-Тайгын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Цаагаа хариулах. Бас цаагаа унаад уралдаанд орох нь гоё.  

-Танайх хэдэн цаатай вэ?

-Манайх 160 гаруй цаатай. Аав олон жил цаа буга маллаж, тэжээгээд шагнал авч байсан.

-Баруун тайгад нь танайхаас өөр олон цаатай айл байдаг уу ?

-Байгаа. Гэхдээ манайх хамгийн олон цаатай айл нь.

-Цаа буга хариулж аав, ээждээ тусалдаг уу?

-Тусалдаг. Би өглөө 8 цаг гээд цаагаа туухаар гэрээсээ гардаг. Өдөржин цаатайгаа явсаар орой 19 цаг гээд гэртээ ирдэг.

-Ганцаараа явдаг гэж үү?

-Нэг найзтайгаа явдаг байсан. Тэр найз маань сургуульдаа явчихсан болохоор одоо ганцаараа явж байгаа.

-Тийм үү, чи найзтайгаа хамт сургуульд явахгүй байсан юм уу?

-Би одоогоор сургуульд явахгүй байгаа. Хоёр ах маань цэрэгт явчихсан болохоор аав, ээж хоёр хоёулаа болчихоод байгаа юм. Тэгээд би цаагаа хариулахаар шийдэж, сургуулиасаа гарсан.

-Хоёр ахыгаа ирэхээр эргээд сургуульдаа орох уу?

-Намайг хичээлээ тасалсан гээд авахгүй байх.

-Энэ талаар багш нартайгаа ярилцах хэрэгтэй байх. Сургуульдаа эргээд очвол авах байх аа. Сургуульд явах нь чухал шүү.

-За, ойлголоо.

-Хотод анх удаа ирж байгаа юу ?

-Намайг бүр жаахан байхад нэг удаа аав, ээж хоёр дагуулж ирж байсан гэсэн. Гэхдээ бараг анх удаа л ирж байгаа гэсэн үг дээ.

-Хотод хэзээ ирэв. Хэнтэй хамт ирсэн бэ?

-Аав, ээж хоёртойгоо. Арванхоёрдугаар сарын 14-нд ирсэн. Одоо Тэнгэр ахынд байгаа.

-Хот гоё санагдаж байна уу?

-Өндөр өндөр байшинтай. Их гоё юм байна. Бүх юм нь л гоё санагдаж байна.

-Эргэж сургуульдаа сураад, том болоод хотод ирж амьдаръя гэж бодогдож байна уу?

-Үгүй ээ. Би цаагаа хариулаад л амьдаръя гэж бодож байна.

-Тайгадаа юу?

-Тийм ээ, Тайгадаа.

-Хотод ирээд кино үзэж амжсан уу?

-Амжаагүй. Зайсан толгой гарсан.

-Хотод анх удаа ирсэн юм чинь өөр юу үзье гэж бодож байна?

-Жагаа ах сая юу гэчихэв дээ... Нэг газар руу оруулж, гоё юм үзүүлнэ гэж байна лээ.

-Жагаа  ах нь танай хамаатан юм уу?

-Зун манайд жуулчидтай хамт очдог, сайн танил ах маань байгаа юм.

-Зун танайд олон жуулчин ирдэг үү?

-Олон жуулчин ирдэг. Би тэд нарт тусална. Ус, түлээ зөөж өгнө.

-Чиний хамгийн дуртай улирал нь ямар улирал вэ?

-Хавар.

-Хаврын улиралд яагаад дуртай вэ?

-Цаанууд маань төллөнө. Олон цаатай болоод, хавар илүү гоё байдаг.

-Чи цаандаа үнэхээр их хайртай юм аа...

-Тийм ээ. Маш их хайртай

-Дуурийн театрт “Цөмөөхэй” балетад тоглох хүүхдүүдтэй анх удаа бэлтгэл хийлээ. Ямар санагдаж байна?

-Сонирхолтой, гоё байна.

-Ямар дүрд тоглож байгаа вэ ?

-Маршалын дүрд тоглож байгаа.
 


-“Цөмөөхэй”-д ийм холоос ирж тоглосон хүүхэд ховор байх. Анх яаж ийм боломж олдсон талаараа ярьж өгөөч?

-Намар Д.Алтанхуяг ах манайд гадаад хүмүүстэй хамт ирсэн юм. Тэр үед сайн танилцаад, балетын мундаг бүжигчин гэдгийг нь мэдсэн. Би түүнээс “Балетын бүжигчин гэхээр ямар бүжиг бүжиглэдэг вэ” гэж асуусан юм. Тэгтэл Д.Алтанхуяг ах өөрөө бүжиглэж үзүүлсэн, Тэгээд намайг “Чи арванхоёрдугаар сар гаргаад хотод ирээрэй. Тэр үед нэг тоглолт болно. Оролцвол их сайхан” гэж хэлсэн юм.

-Тэгээд аав, ээж нь зөвшөөрөөд, наашаа ирсэн үү?

-Би сая арванхоёрдугаар сар гарангуут аав, ээжтэй Цагааннуур сум руу очихдоо сүлжээтэй газраас Д.Алтанхуяг ах руу өөрөө залгасан. Д.Алтанхуяг ах шууд л намайг хүрээд ирээрэй гэсэн. Ингээд бид хэд бэлтгээд сая ирлээ. Аав, ээж хоёр намайг ганцаараа явж чадах уу гэсэн. Би болохоор хоёулантай нь хамт явна гээд хамт ирсэн. Ирсэндээ их баяртай байна. Намайг ийм том тоглолтод оролцохыг зөвшөөрч, ийм сайхан адал явдал бэлэглэсэнд баярлаж байна.

-Сандарч байна уу?

-Гайгүй ээ. Олон хүүхэд хараад эхлээд жаахан сандарсан. Багш нар, хүүхдүүд надад хийх бүх зүйлийг зааж өгч байна. Тоглолт болтол сайн хичээж сурна аа.

-Д.Алтанхуяг гавьяат өөрөө бэлтгэл удирдаж, чамд дасгал, хөдөлгөөнийг зааж өгч байна?

-Тийм ээ. Үнэхээр гоё санагдаж байна. Ийм том алдартай бүжигчин бидэнд сайхан хандаж байгаа нь итгэхийн аргагүй л байна. Аав, ээж хоёр бас их баярлаж байгаа.

-Тайгадаа цаа хариулахаас өөр, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа юу... Хийх дуртай юм ч нэг их байхгүй дээ.

-Хүүхэд бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Чи ямар мөрөөдөлтэй вэ?

-Хүсэж мөрөөдөх юм байхгүй л байна. Яваандаа мөрөөдөлтэй болох байх аа.

-Чи хэдэн найзтай вэ? Найзуудынхаа талаар яриач?

-Тайгадаа юу?

-Тийм.

-Цахиур гэж найз байгаа. Далай, Баянаа гээд олон найз байгаа юм байна аа.

-Ярилцсанд баярлалаа, Б.Сугараа. Тоглолтонд нь амжилт хүсье.

-Баярлалаа.
 

 

Ярилцсан Б.БАТЧИМЭГ

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.18.63) 2019 оны 12 сарын 21

Balet hugjil sangiin huuduud mundag.Klara-d bujiglej bsan ohin ih uzesgelentei haragdaj bsan

1  |  0
Zochin(103.57.93.169) 2019 оны 12 сарын 21

Huurhun huu bna amjilt

1  |  1
(103.212.116.56) 2019 оны 12 сарын 21

улаан хацартай хөөрхөн юмаа

2  |  1
Зочин(202.126.88.150) 2019 оны 12 сарын 21

Гавъяат Алтанхуягт баярлалаа.аргагүй л мундаг залуу юм.хэлсэндээ хүрч,хүүхдийн итгэлийг эвдээгүйд.2 ланд амжилт.

5  |  0
Зочин (202.9.40.16) 2019 оны 12 сарын 21

Шударга ярьж байна аа

4  |  0
Zochin(202.9.47.35) 2019 оны 12 сарын 21

Yamar hoorhon yum be. Yg l baigalaaraa bn da kkk

3  |  0
Top