[БИДНИЙ НЭГ] Сайн дураараа "УЛААН БҮС"-д ажиллаж буй Б.САНСАРНЯМ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Нийслэл дэх коронавирусний халдвартай иргэдийг эмчлэхэд 4000 эмч, сувилагч ажиллах хэрэгтэй ч одоогийн байдлаар 2000 хүн л ажиллаж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Үүнээс харахад ковидын дайчилгаанд ажиллах хүн хүч нэн шаардлагатай байгаа юм.

Ийм хүнд хэцүү, хүний нөөц дутагдалтай цаг үед сайн дураараа "Улаан бүс"-д ажиллах шийдвэр зоригтойгоор гаргаж, Чингэлтэй дүүрэг дэх ковидын халдвартай иргэдийг зөөвөрлөдөг түргэний тэргийг жолоодож байгаа Б.Сансарнямтай уулзаж, "УЛААН БҮС"-д хэрхэн ажиллаж байгаа тухай нь сурвалжиллаа.

Видео хэлбэрээр үзэх 
 


-Тусалсан хүмүүсийн “БАЯРЛАЛАА” гэх үг л сэтгэлийн дэм болдог-

Түүнтэй уулзахаар Чингэлтэй дүүргийн 7-р хорооны ард байрлах “Хайрхан II” төвийг зорив.

Цагаан хамгаалах хувцастай эмч, ажилчид нааш цааш холхино. Энэ бол тэдний ажлын байр. Тэд өглөө бүр энэ газраас яаралтай тусламж үзүүлэх хүмүүсийнхээ нэрсийг авч танилцаад, ажилдаа гардаг. Өдөрт ойролцоогоор 30 орчим дуудлагад явдаг гэнэ.

Чингэлтэй дүүргийн хувьд ковидын дайчилгаанд зориулсан ганцхан түргэний тэрэгтэй. Энэ нь маш олон жил болж байгаа тул хуучирч, мууджээ. Гэвч жолооч түргэний тэргээ муулахыг хүсдэггүй. “Олон хүний амь аварсан ач, буянтай тэрэг шүү” гээд муу үг огт халгаадаггүй.

Б.Сансарням энэ оны зургадугаар сарын 5-нд сайн дурын ажлаа хийж эхэлсэн гэнэ. Гуравдугаар сард сайн дураар ажиллах хүсэлтээ өгч, гурван сарын дараа ийн ажилд оржээ.

Түргэний тэрэг жолоодох нь тайван машинаа бариад ажилдаа явахаас өөр байдаг эсэхийг асуухад тэрбээр “Механик машин болохоор анх барихад эвгүй байсан. Хэд хэдэн удаа унтрааж, асаасны эцэст одоо гаргаахгүй болсон” гэж байлаа.

Нүднийхээ өмнө хүний амьсгал хураахыг ч харсан гэж ярих энэ залуу дөрвөн сарын турш ажиллахдаа олон зүйлийг харж, олон ч зүйлийг сурсан.

“Анх ирснийхээ дараа сандарч, балмагдах зүйл гарсан. Яг хажууд минь сууж байсан эмч ковид тусаад, явахад үнэхээр эвгүй болсон. Бас өвдөж байгаа хүмүүсийг хараад болимоор санагдсан. Энэ үед тусалсан хүмүүсийн маань “БАЯРЛАЛАА” гэдэг ганцхан үг сэтгэлийн дэм болж, өдий хүрч байна” хэмээсэн юм.

Б.Сансарням үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хувиараа бизнес эрхэлдэг. Тэр үндсэн ажлынхаа хажуугаар нэлээд олон хандивын үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Ингэхдээ маш олон хүнийг хамруулж, урлаг соёлын алдартнуудтай хандивын тоглолт хийдэг аж. Өмнө нь хийсэн сайн үйлсийн ажлууд нь бусадтай хамтардаг байсан. Өөрийнхөө хүчээр хүнд тусалмаар санагдаад "Улаан бүс"-д ажиллах хүсэлт тавьсан нь энэ. Одоо тэрбээр үл хөдлөх хөрөнгийн ажлаа хойш тавьж, сайн дурын ажилдаа бие, сэтгэлээ бүрэн дүүрэн зориулж ажиллаж байгаа.

-Ковидын улмаас хүн амьсгал хураахыг харах үнэхээр аймшигтай байсан-

“Короногаар гэртээ үхнэ гэдэг...” хэмээн гарчиглаж, сошиал хаягтаа бичсэн түүний постыг хэдэн өдрийн өмнө уншсанаа хэлэв.

Энэ талаар тэр “Залуучууд энэ өвчний хүнд хэцүүг нэг л ойлгож өгөхгүй байна. Ханиад шиг тусаад эдгэчихнэ гэж бодоод байх шиг. Голомтод нь ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд, энэ маш аюултай өвчин. Хөнгөн байж байгаад гэнэт өвдөх тохиолдол маш олон байна.

Есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө миний амьдрал хар дарсан зүүд шиг байсан юм. Архаг хууч өвчтэй нэгэн настан ковид-19 тусаад, удалгүй өвчнөө дийлэхгүй амьсгал хураахыг харсан. Үнэхээр аймшигтай. Хамт явж байсан эмч нар  түүний амийг аврах гэж бүх аргаа ашигласан ч чадаагүй. Нас барсныг нь мэдсээр байж өөрсдийнхөө хамгаалалтыг хүртэл тайлж иллэг хийсэн. Гэсэн ч эцсийн мөчид сөхөрсөн.  Нүдэн дээр өөд болсон хүний царай бүтэн өдөржин бодлоос салаагүй. Маргааш нь ч бодогдсоор байсан” хэмээн гунигтайгаар өгүүлсэн юм.

Яг энэ өдөр бас нэгэн хүн ковидоор гэртээ нас барсан байна. Түргэн тусламжийн багийнхан очсон ч хожимдсон байжээ. Энэ мэт ор байхгүйн улмаас гэртээ хүндэрч байгаа хүн олон байгааг тэр үе үе сануулан хэлж байв. .

Өвчиндөө шаналж, амь тэмцэж байгаа хүнд туслахаар завгүй ажиллахын хажуугаар хөнгөн туссан хэрнээ худал хэлж, тусламж дуудах тохиолдол олон гардгийг ч нуусангүй.

Тиймээс хөнгөн туссан иргэдийг хүндээр өвдсөн бусад иргэдээ бодох хэрэгтэй байгааг дамжуулан хэлэхийг хүслээ.



-Түрийвчин дэх хоёр хүүгийнхээ зургийг харчихаад л ажилдаа гардаг даа-

Б.Сансарням хоёр хүүгийн аав. Пүрэвням, Түвшинсайхан гэх хөвгүүдийнхээ талаар тэр жаргалтай нь аргагүй ярих бөгөөд хүүхдүүдээ их санаж байгаа нь илт. 

Б.Сансарням эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа ба хүүхдүүд нь ээжтэйгээ хамт байгаа тул хааяа тэдэнтэйгээ уулзаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг. Гэвч одоо халдварын голомтод ажиллаж байгаа учир уулзахгүй уджээ  Зав, чөлөөгүй ажлын хажуугаар санаж, бэтгэрэхийн алдад утсаар ярьдаг. Том хүү нь юм ойлгодог насанд хүрсэн учир "Эрүүл байгаарай, битгий ядраарай" гэж аавдаа захидаг. Харин бага хүү нь “Тоглоом авч ирээрэй” гэж хүсдэг гэлээ. 

“Хоёр хүүтэйгээ л хурдхан уулзмаар байна. Үнэндээ маш их санаж, бэтгэрч байна” гэж ярих аав хүүхдүүдийнхээ зургийг түрийвчиндээ нямбайлан хадгалжээ. Өглөө ажилдаа гарах бүртээ тэднийхээ зургийг харж, сэтгэлээ дэвтээгээд тэр ажилдаа гардаг...



-Цагаан хувцастай удаан ажилласан эмч, жолооч нар зүрхний хэм алдагддаг өвчтэй болсон-

"Улаан бүс"-ийн ажилчдад тулгардаг нэгэн бэрхшээл нь хамгаалалтын битүү цагаан хувцас. Энэ хувцсыг удаан өмсөх нь зүрхэнд муугаар нөлөөлж байгаа тухай тэр ярилаа. 

“Анх зуны халуунд цагаан хувцас өмсөөд, жолоо барих маш хэцүү байсан. Амьсгалж чадахгүй, нүд эрээлжлээд л. Одоо бол сурчихсан. Энэ хувцсыг тайлахгүйгээр 12 цаг болсон удаа ч бий. Олон цаг өмсөхөөр хувцас шалба нордог. Энэ ажлыг хийж эхэлснээсээ хойш би 8 кг хассан. Хамгийн хэцүү нь ингэж удаан өмсөхөөр зүрхний хэмнэл алдагддаг болчихдог юм байна. Манай эмч, жолооч нар ийм өөрчлөлттэй болчихсон” гэлээ. 

Түргэн тусламжийн машин жолоодож буй Б.Сансарнямын нэг өдрийн амьдрал ийн чөлөө завгүй өнгөрнө. 

Хүний амь аврахын төлөө тэр хоолоо ч идэх завгүй нааш цааш давхина. Гэхдээ тэр энэ ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, бусдад тусалж байгаадаа жаргалтай байгаа нь харцнаас нь мэдрэгдэж байлаа...

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.29.149) 2021 оны 10 сарын 06

Амжилт хүсье,эрүүл байгаарай.

0  |  0
Зочин (64.119.18.95) 2021 оны 10 сарын 05

Мундаг бн амжилт хүсье

0  |  0
Top