Ханьтайгаа хамт ажиллана гэдэг хүн бүрд тохиохгүй ховорхон аз. “Хувь тавилан л биднийг учруулсан байх” гэж ярих боксчин хосыг “Бидний нэг” буландаа онцолж байна.
"Алдар" спорт хорооны боксчин хос Х.Энх-Амар, Т.Болортуул нар 2013 онд спортоор холбогдон, танилцаж байжээ. Үндэсний шигшээ багт дуудагдан, Спортын төв ордонд хамтдаа бэлтгэл хийж эхэлсэн нь хосуудыг учруулсан эхлэл байв. Түүнээс хойш өдөр бүр хамтдаа бэлтгэл хийж, тэмцээн, уралдаанд оролцдог болжээ.
Видео хэлбэрээр үзэх
Тэд энэ есдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Москва хотод болсон Армийн ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэж, спортын карьертаа хос амжилтаар бэлэг барьсан юм.
Эхнэр Т.Болортуулын хувьд анх жүдо бөхөөр хичээллэдэг байжээ. Гэтэл гэнэт л жүдо бөхөө орхиж, боксын спортод дурласан гэнэ.
Харин нөхөр Х.Энх-Амар багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь энэ спортод “хөл тавих” эхлэл болжээ.
Тэд нэг спортоор хичээллэдэг болохоор нэгнээ маш сайн ойлгодог. Энэ талаар эхнэр Т.Болортуул “Хань минь хажууд байнга хамт байгаа болохоор санаа зовох, өөрийгөө ойлгуулах зэрэг асуудал байдаггүй. Олон цагаар бэлтгэл хийсний дараа толгой өвддөг. Энэ үед бие биенийхээ толгойг барьж өгдөг. Тэмцээний өмнө шаардлагатай үед жин хасах хэрэгтэй болоход бүр ч их ядардаг. Энэ үед урмын үг хэлж, маш их тусалдаг. Хоёр биенээ сайн ойлгодог. Боксын спортоор хичээллэхэд гардаг бэрхшээлийг хоёулаа мэдэж байгаа болохоор нэгнийгээ ойлгоход амар байдаг” хэмээн ярилаа.
Тэд долоо хоногийн зургаан өдөрт нь өндөржүүлсэн буюу эрчимтэй бэлтгэл хийдэг ажээ. Энэ завгүй амьдралын хэмнэлд дөрвөн настай хүүг нь хоёр талын аав, ээж нь харж дэмждэг байна. Тиймээс тэд бяцхан үрдээ санаа зовохгүйгээр бэлтгэлээ хийж, өдий хэмжээний амжилт гаргаж яваа хэмээн баяртайгаар ярилаа.
Хамтдаа тэмцээнд ороход ямар байдаг талаар Х.Энх-Амар “Бид Азийн наадмаас эхлээд сүүлийн хоёр жилийн тэмцээнд байнга хамт явсан. Эхнэрээ рингэн дээр гарахад өөрөө тулалдах гэж байгаа юм шиг л сандарч, догдолдог. Ялчихаад буугаад ирэхэд нь санаа амарч, тайвширдаг” хэмээн тэмцээний үеийн мэдрэмжээ хуваалцлаа.
Хос тамирчны амьдрал ийн өрнөдөг. Гэртээ ч хамт, тэмцээн уралдаанд ч хамт. Ялалт, ялагдлын амтыг хамтдаа мэдэрдэг. Бэртэж, гэмтэх тохиолдол их байдаг ч тэд энэ спортдоо дэндүү хайртай.
Т.Болортуул 2012 онд Азийн аварга болсон бол нөхөр Х.Энх-Амар нь энэ жил Азийн аварга болжээ. Азийн хос аварга, Армийн ДАШТ-ий хос мөнгөн медальт тамирчдадаа Олимпын аварга хосууд болохыг хүсье.
Сэтгэгдэл ( 2 )
Өөр хүмүүстэй уулзаж салж наргиж бай үе үе ок? Дандаа хамт байхад амархан уйддаг юм ш дээ ойсоон.
Хммм үргэлж нэг дор хамт байхад уйтгартай ш дээ. Өөр хүмүүстэй үе үе уулзаж наргиж байх хэрэгтэй.