Нийслэл хотын өнгө төрх намрын гоёлоо аль хэдийн өмсөж, навчсаа нэг нэгээр нь тайлсаар. Нүцгэрч буй моддын уйг шувууд аргадан жиргэлдэнэ. Түм бум бужигнасан их хотын өглөө урьдынхаараа эхэлж хүн бүхэн ажил албандаа яаран алхана. Олны урсгал дунд аажуухан алхах нэгэн залууг онцолж харвал цэвэрхэн хувцасласан, гялалзсан хар шил зүүсэн, энгийн төрхтэй агаад бусдын л адил албандаа явж буй нь энэ. Тэрбээр гэрлэн дохио бүрд чихээ анирдан тандан зогсож, уулзвар бүр дээр нэн соргог цэх алхана. Хэрэв түүнийг ямар нэгэн таних тэмдгээр ялгаж харахгүй л хэн ч түүнийг гадарлахгүй.
Өглөө бүр ОФицероос Баянбүрд хүртэл энэ жимээр зорчиж буй тул замын эргэлт, булан тохой бүрийг андахгүй болжээ. Өдөр бүрийг өөдрөг хүслээр жигүүрлэж, амьдралын өнгийг илүү тод будаж яваа эрхмийг П.Эрдэнэбилэг гэдэг. Түүний ажил өвдсөнийг анагаадаг, чилсэнийг амраадаг буянтай. Аливаад эв дүй, сэтгэл зүрх, хичээл зүтгэл, ур чадварыг нийтгэн нэгтгэхэд ажлын чансаа өөрөө эрчлэгддэг шүү дээ. Чингэлтэй дүүрэгт байрлах “Бэст массаж” төвөөр түүнийг зорин ирэх хүмүүс олон.
П.Эрдэнэбилэгийн амьдралын өнгө, дотоод сэтгэл, хүсэл мөрөөдөл ямархан бол.
ЗАРИМДАА НҮХЭНД УНАХ, ЮМАНД БҮДЭРЧ ГЭМТЭХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ
Тэр дөнгөж 24 настай. Орчлон хорвоог 13 нас хүртлээ бүдэг бадаг хардаг байсан боловч ослын улмаас бүрэн хараагүй болжээ. Яваагүй эмнэлэг түүнд үгүй, хэд хэдэн мэс заслын ард ч гарчээ. Гэвч түүнээс харах мэлмийг нь бүр мөсөн булааж 2009 оноос хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй болов.
Хүүхэд байхдаа олон мөрөөдөл тээж явсан боловч хүслээрээ явах боломж хаагдмал болж, хожим бариа заслаар суралцсан билээ. Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвд 2016-2018 онд хамрагдаж эмчилгээний бариа засалчийн гуравдугаар зэргийн мэргэжил эзэмшиж төгсөөд “Бэст массаж” төвд гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус төв нь хот, хөдөө нийлсэн 40 гаруй салбартай. 100 гаруй ажилтантай бөгөөд боловсон хүчнийхээ 30 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр бүрдүүлдэг байна.
Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг компьютер, гар урлал, бариа засал, хөгжим, кофе шоп гээд төрөл бүрийн сургалт явуулж, ажлын байраар хангадаг аж.
Хараагүйчүүдийн холбоог төлөөлж Д.Ганбат “Монголд 10 гаруй мянган хараагүй иргэн бий. Гадаад орны хараагүй иргэд компьютер, интернэтийн мэдлэг эзэмшин хүмүүст мэдээлэл өгөх зэрэг ажил хийдэг. Хараагүйчүүдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүрэн хараагүй хоёр хүнийг хамруулж, компьютер дээр ажиллах чадварт сургасан. Нийгмийн даатгалын хэлтсийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх “Call center”-д одоо амжилттай ажиллаж байна. Хараагүй хүмүүсийг ажил хийж чадахгүй гэж дүгнэдэг нь буруу. Хэрэв багахан дэмжлэг үзүүлээд, эхлэлийг нь тавиад өгвөл бидэнд боломж бий. Хараагүй иргэнийг ажиллуулаагүй аж ахуй нэгж, байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар торгууль төлдөг” хэмээн хэлж байсан юм.
Амьдралд итгэл алдарч яваа тэдгээр иргэдэд итгэлийн гал асааж сургаж, ажилтай, орлоготой болгож, нийгэмд хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгч байгаа нь сайхан. Тэд бусдын л адил сэтгэлтэй зүрхтэй, өвддөг, шаналдаг, уйлдаг, дуулдаг хүн шүү дээ. Тэдэнд хөгжих, сурах, боловсрох, нийгэмтэй харилцах хэрэгцээ байнга тулгарч байгаа.
П.Эрдэнэбилэг ажлынхаа зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх дуртай. Ном зохиол сонсох, подкаст сонсох зэргээр үргэлж ямар нэг зүйлээр мэдлэгээ тэлэхийг эрмэлздэг. Хамгийн сүүлд зохиолч С.Пүрэвсүрэнгийн ”Уулын сүүдэр буухаар” өгүүллэгийг сонссоноо догдлон өгүүлэв. Басхүү дуу сонсох хачин дуртай. Залуу хүний хувьд найз нөхөдтэйгөө уулзах, ярьж суух сайхан байдаг гэв.
Түүнийг гадуур явахад автобусны буудал дээр зарлагч байхгүй, гудамж талбайд дардас тэмдэглэгээ байхгүй, дуут гэрлэн дохио ховор, цахилгаан шат нь дууны төхөөрөмжгүй гээд олон саад бэрхшээл учирдгаа учирлав. Заримдаа шон мөргөх, нүхэнд унах, боржурт таварцаглах энүүхэнд. Түүний гар нь нэл шалбархай болжээ. Учрыг лавлахад юманд тээглэж унасан гэв. Хүмүүсээс тусламж хүсвэл дуртай нь аргагүй тусалдаг боловч тэр бүрийд хүнд төвөг удаад байх хүсэлгүй тул бүхнийг өөрөө болгох гэж хичээдэг байна.
Түүний мөнхийн үнэнч найз, мөнөөх таних тэмдэг бол цагаан таяг нь шүү дээ. Таягаа товшоод алхах чимээ их хотын нүсэр чимээнд дарагдавч тоост гудамжны даржин өнгийг сэтгэлийнхээ тод гэрлээр гэрэлтүүлэн тэр алхсаар.
БАРИА ЗАСЛААРАА МЭРГЭШЭЭД НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ
П.Эрдэнэбилэг Увс аймгийн Ховд сумынх. “Манай нутаг уултай, устай, ёстой заншилтай, хүн ард нь ажилч хөдөлмөрч сайхан хүмүүс. Нутгаа их санадаг. Ирээдүйд нутагтаа очиж амьдрах мөрөөдөлтэй. Бариа заслаараа улам илүү мэргэшээд бариа заслын төв байгуулж амьдрах хүсэлтэй” гэв. Нутагт нь нүсэр барилга, мушгирсан гудамж, уухичсан машин тэрэг ховор болохоор ажин түжин, айх аюулгүй амьдрах боломжтой гэж тэр хэлсэн юм.
Харааны бэрхшээлтэй иргэдийн 90 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй аж. Тиймээс амьдралд хөл нийлүүлэн алхаж буй цөөхөн хэдэн хүмүүстээ нийгэмд оролцох боломжийг нь бүрдүүлж өгөх нь зүй ёсны хэрэг билээ. Түүнийг зорин ирж үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнх нь хөдөлгөөний дутагдлаас үүдсэн нуруу өвдөх, хүзүү хөших, хуян хөөрөх, аарцагны гажигтай, үе мөчний өвчлөлтэй, толгой тархины зовуурьтай байдаг гэв. Тиймээс хүмүүсийг амьдралын идэвхтэй, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, амьдралын зөв дадал хэмнэлтэй байх, гол нь даарахгүй байхыг тэр зөвлөлөө.
Коронавирусээс болоод олон нийтийн арга хэмжээ болохгүй болохоор уйтгартай байгаагаа ч нуусангүй. Тэрбээр хамгийн сүүлд хараагүй иргэдийн дунд зохиогдсон баррел үсгээр бичих, унших тэмцээнд дэд байранд оржээ. Энэ бол бичиг үсгийн боловсролоороо чамлалтгүй чадварлаг гэдгийг нь илтгэж байгаа хэрэг юм. Түүний хэлмэрч, хөтөч бол гар утас нь билээ. Утсаараа бүх мэдээллийг авч, цахим ном уншиж, цахим хаягаараа бусадтай харилцдаг. Тэдэнд төр засгаас сард 280 мянган төгрөгийн халамж өгдөг байна. Мөн гурван жилд нэг удаа тусгай хэрэгцээт зүйлсийг нь олгодог гэв. Таяг, баррел бичгийн хэрэгсэл, дуут цаг, халууны шил зэргийг өгдөг нь амьдралд нь тун хэрэгтэй байдаг ажээ.
Тэрбээр залуу хүн учраас хүний гар харж зүгээр суух дургүй. Эрхтэн бүтэн атлаа бусдын царай харж бэлэнчилдэг хүмүүст шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлэв. Эрүүл саруул байна гэдэг хамгийн том шагнал юм гэж тэр хэлэх дуртай. Хараагүй хүн гэдэг орчлон хорвоогийн өнгө будаг, үнэр амт, дуу чимээг жирийн хүмүүсээс илүү мэдэрч, таньдаг соргог, сэргэг чанартай. Хажуугаар зөрөх эмэгтэйн сэнгэнэсэн сүрчиг, өсгийтэй гутлын товших чимээ, хүүхдийн цангинасан инээд, бойтогны жингэнэсэн дуу, эрчүүдийн тамхины утаа, эмгэдийн арцны үнэр, намрын навчны сэрчигнээн, зуны борооны чийг бүгд өөр өөрийн давтагдашгүй шинжтэй. Давтагдашгүй, дуусашгүй хорвоогийн гайхам сайхныг дотоод сэтгэлдээ илүү гүн, илүү тод мэдэрдэг. Түүн лүгээ адил хүний хандлагаас л тухайн хүний сайн, муу чанарыг түрүүлээд мэдэрчихдэг аж.
Түүний яриа сул үггүй, голыг нь олсон жинтэй үгтэй, элдэв зан, илүү эго үгүй. Энгийн атлаа ихэмсэг. Цав цагаан оймс, цэв цэвэрхэн халаад өмсжээ. Бариулахаар ирсэн үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгч, биеийг нь засахаас гадна сэтгэлийг нь засаад явуулдаг байна. Хүний бие махбод хаанаа өвдөж байгаа нь барихад л мэдрэгддэг гэнэ. Хүмүүс биеэ хатуурч зангираад, өвдөж зовоод болохоо байсан үедээ л эмнэлэг барааддаг буруу хандлагатай. Хэрэв барьж илээд эмчлэгдэх аргагүй бол эмнэлэг бараадах нь зөв алхам шүү дээ.
П.Эрдэнэбилэг гартаа увдистай, хуруундаа мэдрэмжтэй болохоор олон ч хүний өвчнийг илааршуулжээ. Үүний дараа өөрөө жаахан “өвдөж” байгаад зүгээр болдог гэв.
Тэр долоо хоногийн ганц өдөр амардаг байна. Амарч буй үедээ гадуур явахаар төөрч өгдөг гээд инээв. Ялангуяа төрийн албаны барилга байшин, эмнэлэгүүдийн зохион байгуулалт тун будилаантай санагддаг гэв. Ороод очиход хүүе гээд угтаад, хөтлөөд явах хөтөч байхгүй, урлаг соёлын өдөрлөг, үзэсгэлэн үзмэрийг зориод очихоор түшээд, тайлбарлаад явах тайлбарлагч юм уу дуут тайлбар байдаггүйд нь сэтгэл гонсгор явдгаа нуусангүй.
Ер нь хүн гэдэг үймж бужигнасан их амьдрал дунд өөрийгөө ч чагнаж, өөртэйгөө ч ярилцах завгүй гүйлддэг юм шиг. Түүнийг ажихад намайг нэвт хараад, уншаад байх шиг. Яг л ингэж асуувал тэгж хариулна даа гэсэн шиг үг бүхэн нь эмх цэгцтэй, дэс дараатай урсана. Өөр рүүгээ үргэлж өнгийж, өөрийгөө анирдаж явдаг болохоор ийм итгэл төгс, бардам ихэмсэг байдаг юм болов уу гэж эрхгүй бодогдуулав. Түүний хүнгэнэсэн хоолойнд өчүүхэн төдий хорын санаа, адын сэтгэл, атаа хорсол үгүй бодь нэгэн аж. П.Эрдэнэбилэг цэвэрхэн хүрмээ өмсөж, гялалзсан хар шилээ зүүгээд энгийн атлаа тайвнаар инээмсэглээд бусдын адил ажлаа тарж олны урсгал дунд аяархан алхаж одов. Харин хүмүүс хаашаа ч юм яарсаар...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )