Нүх ухдаг төхөөрөмжийн “Green drill” ХХК-ийг 18-хан насандаа байгуулж байсан залуу зохион бүтээгч Б.Базарвааньтай ярилцлаа. Тэрбээр нэг минутад хоёр модны нүх ухдаг төхөөрөмжөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамтарч ажиллахаар болсон юм.
Видео хэлбэрээр үзэх
Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Батмөнхийн Базарваань гэдэг. Би 21 настай. Энэ жил ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг уул уурхайн машины тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгссөн. Түүнээс өмнө, 2014 онд Механик инженерийн их сургуулийн харьяа МСҮТ-д хүнд машин механизмын засварчин, оператор мэргэжлээр суралцаж, төгссөн.
-Яагаад модны нүх ухдаг төхөөрөмж хийх болов?
- Модны нүх ухдаг төхөөрөмжөө 2016 оноос хийж эхэлсэн. Модны нүхийг экскаваторын шанагаар ухахаар дугуй болохгүй байсан юм. Тэгээд хэрхэн цэвэрхэн дугуйлж ухах вэ гэж бодож байгаад төхөөрөмжийнхөө санааг олж байлаа. Төхөөрөмжөө хийх гээд судалгаа хийж байх явцад ийм төхөөрөмж дэлхийн зах зээлд байдаг талаар мэдсэн. Улмаар бусад төхөөрөмжүүдийг хараад өөрийнхийгөө хийхдээ илүү сайжруулахыг хичээсэн.
Нүх ухаж байгаа шникийн түргэн элэгдэх хэсэг, газар зүсэж байгаа хэсэг гэх мэт хийцийн хэсэгт нь сайжруулалт хийсэн юм. Дэлхий дээр огт байдаггүй төхөөрөмж бол хийгээгүй.
-Залуу зохион бүтээгч уралдаанд оролцож байсан юм байна. Энэ төхөөрөмжөөрөө оролцсон уу?
-Тийм. 2016 онд залуу зохион бүтээгч уралдаанд орсон. Түүнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ уралдаанд оролцож байх зургаан сарын хугацаанд модны нүх ухдаг төхөөрөмжөө хийсэн юм. Тухайн үед экскаваторын төхөөрөмж хэлбэрээр хийж байсан. Түүнээс хойш пад, трактор дээр туршиж үзсэн.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих модны анхны нүхийг төхөөрөмжөөрөө ухаж, цаашид хамтарч ажиллахаа ч илэрхийлсэн?
-Тийм ээ. Сошиалиар падтай нүх ухаж байгаа нягтшил муутай, бүдэг бичлэг явсан. Тэр бол нэг л төхөөрөмж нь шүү дээ. Экскаваторынх, хоёр нүх зэрэг ухдаг, мод суулгадаг, модыг бортоглодог гэх мэт өөр олон төрлийн төхөөрөмж байгаа.
Би Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай, Дорноговь гэх мэт аймгуудад ажлын шугамаар очиж байсан юм. Гэтэл маш их цөлжсөн байсан. Хараад шоконд орсон. Үүний эсрэг дорвитой ажил хийх цаг үе нь үнэхээр ирсэн. Үүнийг Ерөнхийлөгч мэдрээд, цаг үеэ олсон сайхан шийдвэр гаргалаа гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд маш их хүчин чармайлт гаргаж оролцох бодолтой байгаа.
-Зөвхөн хотод биш, орон нутгагт очиж нүх ухаж үйлчилдэг харагдсан?
-Бид аймгуудаар явж нүх ухаж үйлчилдэг. Орон нутагт хийж байсан томоохон ажлууд гэвэл Дорноговь аймагт болсон “Шамбала 2056” төсөлд оролцсон. Харин энэ зуны тухайд гэвэл “Be human” гээд 7000 модны нүхийг ухаж үйлчилсэн.
-Мод тарих хөрс ямар байх хэрэгтэй вэ?
-Би машин, техникт маш их сонирхолтой. Манай аймагт мод бараг байдаггүй. Тийм болохоор ч тэр үү модыг огт ойшоодоггүй хүүхэд байсан юм. 2016 онд модны нүх ухдаг төхөөрөмж хийж эхэлснээс хойш модны салбар руу орсон.
Амьдралыг тэтгэгч нь ус гэдэг. Харин усыг тэтгэж байгаа зүйл нь мод шүү дээ. Модтой газар бороо, цас ордог. Эко систем үүссэнээр цөлжилт гэдэг зүйл байхгүй болно.
Дэлхий дээр хөрсийг 10 ангилсан байдаг. 10 дахь нь хамгийн хатуу хөрс гэсэн үг. Алмаазаар зүсдэг. Харин мод тарьдаг хөрс бол 2,3-р зэргийн зөөлөн хөрс байх ёстой.
-Дуудлагаар модны нүх ухаж үйлчилдэг үү?
-Бид ажил эхлэхээс өмнө утсаар холбогдоод, шаардлагатай гэвэл мод тарих гэж байгаа газрыг нь очиж үзээд зөвлөгөө өгдөг. Тухайн газрынх нь хатуу, зөөлөн эсэхийг харна. Үүний дараа үнэ тохиролцдог. Нэг модны нүхийг дунджаар 5000 төгрөгөөр ухаж өгдөг. 1000-аас дээшээ хямдарна.
Сэтгэгдэл ( 3 )
Өөрийн гараар хийсэн байна. Сайн байна. Энэ чинь л үндэсний үйлдвэрлэл шүү дээ.
Чиний тэгээд хийсэн нь хаана байна. Хийсэн хүнийг аз ивээдэг юм. Чи юутүбээс хараад хийсэн бол өнөөдөр ерөнхийлөгчөөс дэмжлэг авах байлаа.
Техникийн дэвшил дээд цугтай тулчихсан үед хүй нэгдлийн үеийн юм дууриаж хийсэн залууг юм үзээгүй юм шиг гайхширсан Хуурөгдаа. Yuo Tube жаахан үзэлдээ мэдээлэлийн эрин үед.