ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛЭЭ АВАХЫГ ХИЧЭЭДЭГ
Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр Эх, үрсийн баярын өдөр тохиодог. Хүүхдүүд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг билээ. Хөл хорионы энэ урт хугацаанд хүүхдүүд дуртай зүйлсээ хийж, өөрийгөө нээн илрүүлэх давуу тал гэж харж байгаа биз ээ. Хүн хөдөлмөр, зүтгэлээрээ сайн сайхан амьдарч болдгийн тод жишээ бол Налайх дүүрэгт амьдардаг гарын уртай ээж, охин хоёр. Хүүхдийн баярыг угтаж уран гартай сийлбэрчин 13 настай Х.Энхжин охины хүсэл мөрөөдөл, хийж урлаж буй бүтээлүүдийнх нь тухай өнөөдрийн сурвалжилгаараа онцоллоо.
ХҮҮХДҮҮД ХИЙСЭН ТОГЛООМЫГ МИНЬ ХАРААД БАЯРЛАНА ГЭЖ БОДОХООР Л САЙХАН БАЙДАГ
Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг Налайх дүүрэгт байдаг Энхжингийн хашаа гаднаасаа л өнгө өнгийн тоглоомон чимэглэлтэй, хашаандаа зүйл зүйлийн цэцэг ногоотой, амрах сандал, ширээтэй, тоглох тоглоомын талбайтай байгаа нь сэтгэл сэргээж байв. Таван ханатай гэртээ Энхжин охин ажлаа хийгээд түмэн завгүй байлаа. Хүүхдийн баяр дөхөөд захиалга ихтэй суугаа ажээ. Хүүхдүүдийн хэзээний танил Элса, Ами, Тами, Консуни гээд олон найзууд Энхжинг тойроод эгнэн “суужээ”. Эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулж тоглоомынхоо талбайг чимэглэх, орон сууцны хотхонууд гадаад талбайгаа тохижуулах зэргээр түүнд хайртай найзуудаа захиалдаг аж. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн долоодугаар ангийн сурагч тэрбээр хоёр жилийн өмнөөс сийлбэр сонирхож эхэлжээ. Охин сийлбэр хийх хүсэлдээ хөтлөгдөн ээжээсээ нууцаар жижиг сажиг зүйлс хийж эхэлсэн байна. Ээж нь гараа гэмтээчих вий гэж хайрлан, болиулах гэж хорьсон ч дийлээгүй гэдэг. Охин хүүхдийн гар чадал сууж амжаагүй болохоор одоохондоо модоор биш, хуванцар материал дээр төрөл бүрийн тоглоом, үлгэрийн баатар, хүүхэлдэйн киноны гол дүрүүдийг уран чадварлаг сийлж буй. Дүр бүхнээ тодотгон өнгө өнгийн будгаар амилуулж, хүүхэд бүхний хайртай тоглоомыг жижигхэн гараараа урлана. Түүний хийсэн бүтээлийг хүмүүс сонирхон худалдаж авдаг болсноор захиалга ч тасрахаа байжээ. Хийх бүртээ туршлага хуримтлуулсаар байна.
“Сийлбэрийн хутгаа барих аргаа олж байж мод сийлэх учиртай. Охин хүүхдийн гар эвдэрчих вий гэж зовдог. Охин маань нэг зорьсондоо яхийтал суудаг болохоор гараас нь их юм гардаг шүү. Аав, ээж хоёр нь ч бүх л зүйлсийг нь бэлдэж өгч, хөгжих боломжийг нь бүрдүүлэхийг хичээж байна” гэж түүний ээж Н.Хонгорзул хэллээ. Энхжин охин захиалгын дагуу “Мах импекс”, цагдаагийн газар, замын цагдаа, хашааны тохижилт, хүүхдийн талбайн гоёл чимэглэл, сандал, ширээ, цэцгийн сав, албан газрын самбар, тэр ч байтугай цэцэрлэгийн дотоод, гадаад чимэглэлийг хүртэл хийнэ шүү дээ. Тоглоом хийх материал нь үнэтэйгээс гадна, нарийн ажиллагаа ордог болохоор нэг тоглоом нь 20 мянган төгрөгийн үнэ ханштай. Ялангуяа баяр ёслолоор ээж, охин хоёрт эрхлэх ч зав олдохгүй. Жишээ нь шинэ жилээр гэхэд өвлийн өвөө, цасан охин, гацуур, буга, чарга гээд юм юм л болно. Энхжин "Хүүхдүүд хийсэн тоглоомыг минь хараад баярлана гэж бодохоор сайхан байдаг. Өөртөө зорилго тавьж мөнгөө хурааж, энэ жил хичээлийнхээ хэрэгсэл, хувцас хунараа өөрөө худалдан авч, ээж, аавыгаа зовоохгүй байхыг хичээдэг” гэж хэвлүүхэн хэлэх энэ охины харц хэзээний амьдралыг ухаарсан том хүнийх мэт харагдав. Төдхөн "Хүүхдийн баяраа гэртээ л тэмдэглэнэ дээ. Том дарга нар хүүхдүүдэд зориулсан үлгэрийн баатрууд нэг дор цогцолсон парктай байгуулаасай гэж хүсдэг" гээд насандаа зохисон гэнэн харцаар юуг ч юм төсөөлөн баясаж байгаа нь өхөөрдөм.
УРЛАНГИЙНХАА ГЭРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТҮРЭЭСЭЛДЭГ
Түүний ээж Н.Хонгорзул 10 жилийн өмнө бие даан сийлбэрийн урлал руу орсон. Энхжин охин нь эхээс мэндлэхдээ нэг кг ч хүрэхгүй жинтэй дутуу төрсөн болохоор асаргаа, тордлогоо ихтэй байв. Хөхөө ч хөхөж чадахгүй үрдээ тарианы щфрицээр сүүг нь дусааж хооллодог байжээ. Эхийнх нь сүү зангирч, буглан улмаар хорт хавдар тусаж, ажил ч хийх боломжгүй болов. Энэ л үед амьдралаа авч явахын тулд залуухан бүсгүй мод чулуу оролдож, сийлбэр хийх аргыг өөрөө хичээж сурсан юм. Нийтийн байр хөлсөлж байхдаа иж бүрэн сийлбэртэй гэр хийж, түүнийгээ зарснаар өөрийн гэсэн хашаатай ч болж амжжээ. Ингэж л Хонгорзул бүсгүйн амьдрал хөлөө олж, хашаандаа тааваараа ажил бүтээлээ өрнүүлэх болсон юм. Энэ хугацаанд Өвөр Монголд гэрээгээр ажиллан, түүхэн цогцолборт газар, жуулчны баазууд, албан байгууллага, хүүхдийн ордон зэрэг олон газрын гадаад, дотоод тохижилт, баримал, сийлбэрийг хийх зэргээр өөртөө маш их туршлага хуримтлуулж ирсэн. Ирээд цагдаагийн газар, цэргийн анги, цэцэрлэг гээд тоолоод баршгүй олон газартай хамтарч ажиллажээ. Сийлбэрийг нарс, хуш зэрэг модоор хийдэг. Эмэгтэй хүнд хүнддэм энэ ажилд мод зүсэх, хөрөөдөх гээд хүнд хүчрийг нь түүний хань гүйцэтгэдэг. Хань М.Мөнх-Эрдэнэ нь тэдэнд туслахын зэрэгцээ хашаа хороогоо янзлах, урлангийхаа байшинг барих гээд тун завгүй. Тэднийх хоёр охинтой бөгөөд том охин нь 12 дугаар ангийн шалгалт дөхөөд давтлагадаа явсан байв. Том охин Нарангуа маань нийтэч зантай, сурлага, урлагаараа дүүрэгтээ тэргүүний сурагч гэж аав нь бахархан ярьж байлаа. “Харин Энхжин жаахан бүрэг, зожиг талдаа. Үеийн найзуудтайгаа тоглохоосоо илүүтэй гэртээ сийлбэрээ хийгээд, тоглоомоо урлаад суучихдаг. Гадаа ч тоглохгүй юм. Дуртай юмаа хийгээд сууж байхад би юу хэлэх вэ дээ” гээд аав нь тайван өгүүлэв.
Тэдний хашаанд хун цэцэг, астра, наранцэцэг, хилэн цэцэг зэрэг үзэсгэлэнт цэцгүүд дэлбээлэн ургаснаас гадна хулуу, өргөст хэмх, нарийн сонгино, бөөрөнхий сонгино тарьсан байв. Гэрийнх нь баруун хойд талд жижиг дөрвөн ханат гэрт ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж байрлуулжээ. Энэ гэрийг сарын 50 мянган төгрөгөөр түрээсэлж, ажлаа явуулдаг аж. Хашааны зүүн хойд талд блокоор өрж, дээвэрлэсэн хоёр давхар урлангийн байшингаа мөнгөний гачаалаас болж дутуу орхижээ. Нэгдүгээр давхарт нь мужаан хийх зориулалттай бол дээд давхартаа будаг шунх хийх нарийн ажиллагаагаа явуулах аж. Байшингаа барьж дуусгахад 22 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа учир төсөл бичиж, зээл хүсээд хороо хорин, яам тамгын газар гээд яваагүй газар үгүй. Хэрэв зээл бүтчихвэл ажлын байр нэмэгдүүлж олон ч ажилгүй хүнийг хоолтой нь залгуулах боломжтой. Хонгорзул бүсгүй өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сургаж, цалинжуулж ажиллуулж байсан. Өдгөө тэд өөр өөрсдийн хоолыг олоод идэх хэмжээний болж бие даан гарчээ. Зээл тусламж хүсэж томоохон компаниудад хандахаар оронд нь ажлынхаа газрыг гандан хийд шиг иж бүрэн сийлбэртэй болгож, тохижуулж өгөх болзол тавьдаг гэнэ. Энэ ажилд олон жил шаардлагатай тул хэн нэгний мөнгөний барьцаанд тэр ийнхүү орохыг ч хүсэхгүй байгаагаа учирлаж байв. Хувиараа сийлбэртэй гэр хийе гэхээр нэгт ажлын байр тохиромжгүй, хоёрт хүмүүс сийлбэртэй гэр худалдан авах чадвар муу байна гэж байлаа.
ХҮҮХДИЙН БАЯРААР ГЭРТЭЭ ТОГЛООМОО УРЛАЖ ӨНГӨРӨӨНӨ
Энхжин охин том болоод цагдаа болно гэв. Яагаад гэвэл ээжтэйгээ хамт хийсэн захиалгаа өгөх гээд Цагдаагийн ерөнхий газарт очиход “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Ариунгуа эгчийг хараад цагдаа болмоор санагдсан гэлээ. Цагдаа болсон ч сийлбэрийнхээ ажлыг орхихгүй ээ гээд инээмсэглэв. Түүний дотнын найзуудыг Наранчимэг, Анужин гэдэг. Найзуудтайгаа уулзаагүй удсан болохоор маш их санаж байна гэдгээ ч нуусангүй. Үеийн хүүхдүүдэд хандаж “Бие биеэ өмссөн зүүснээр нь, царай зүсээр нь битгий шоолж, шоглож байгаарай. Хүн бүхэн дотроо мөрөөдөл тээж явдаг. Дотоод сэтгэлийг нь таньж, мөрөөдлийнх нь хэмжүүрээр нэгнээ дүгнэж, хүндэлж байгаарай” гэж захиж байлаа. Хэрсүүхэн охин өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө хашаандаа тарих цэцгийн үр, үрсэлгээ, ногооны үр худалдаж авсан. Басхүү хуванцар материалаа 100 мянган төгрөгөөр худалдаж авдаг бол будаг, бийр, баллуур, балын харандаа нь 350 гаруй мянган төгрөг болдог бөгөөд сар хэрэглээд л дуусчихдаг. Тэрбээр “Хул шарын домог”, Чингис хааны тухай хүүхдэд зориулсан цуврал ном унших, зохион бичлэг бичих, бодсон зүйлсээ тэмдэглэх дуртай. Компьютер дээр 3D зураг зурж, хөгжим тоглож өөрийгөө тал бүрээр нь хөгжүүлж яваа түүнийг гэрэлтэй ирээдүй хүлээж байна. Энхжин охин нийслэл хотынхоо дарга С.Амарсайханд хандаж ил захидал бичсэн гэвэл та нар итгэх үү. Мөрөөдлийнхөө тухай, аж байдлынхаа тухай, ирээдүйд хийх зүйлсийнхээ тухай, ээждээ хэчнээн хайртай тухай, басхүү ээжийн минь ажлыг дэмжиж урлангийн байшингаа барьж дуусгахад зээлд хамруулж өгөхийг хичээнгүйлэн хүссэн байсан юм. Үеийн охид нь өмссөн хувцас, барьсан гар утсаараа уралдаж, үлгэрийн гүнж шиг амьдралыг хий мөрөөдөн хүлээж байх хооронд Энхжин охин цаг нартай уралдаж, цамаан загнахыг ч үл мэдэн, хичээл зүтгэл хоёроор ирээдүйн амьдралаа өрж явна. Түүний ээж "Хүүхдийн баяр удахгүй боллоо доо. Охин баярынхаа өдрөөр хайртай тоглоомуудаа урлаад л сууж байна даа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
sain bna mundag ohin bn amijilt
amjilt husyey
Huuhed huchinddeg tsagdaa
Hun daramtaldag huchinddeg tsadaal boloh yum bizde