19 жилийн өмнө амьдрал минь орвонгоороо эргэж, яг л тэс өөр ертөнцөд ирсэн мэт санагдсан...
Б.Болормаа одоогоос 19 жилийн өмнө хөдөө өвөөгийндөө амарч байхдаа мориноос унаж, харамсалтайгаар тэргэнцэр дээр суух болжээ. Тэр үед гүн шоконд орж, тэс өөр ертөнцөд ирсэн мэт санагдаж байсан гэнэ.
Тэрбээр сурагч байхдаа сургуулиас зохион байгуулдаг бүх л арга хэмжээнд оролцдог, нийгмийн идэвхтэй нэгэн байжээ. Гитар тоглоно, дуулна, бүжиглэнэ, арга хэмжээ хөтөлнө гээд л...
Гэтэл 18 насанд нь тохиолдсон тэр харамсалтай явдлаас болж цочиролд орж, хэсэг хугацаанд нийгмээс тусгаарлагдсан байна. Үеийнхнээсээ ичиж, санаа зовно. Үүн дээр нь нэмээд хажуугаар алхах хүмүүсийн өрөвдсөн харцтай тулгарна. Бас ямар нэгэн зүйлд хүрэх, хөдлөхийн тулд заавал хэн нэгнээс тусламж авах шаардлагатай болно гэж бодохоор л зүгээр сууж байсан нь дээр гэж бодно.
Ийн өөрийгөө нийгмээс тусгаарлаж, нэгэн хэвийн амьдралтай байсан түүний амьдралыг нэг зүйл өөрчилсөн. Тэр нь "Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо" юм.
Б.Болормаа арван жилийн өмнө Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоонд ирснээр хорвоо дээр өөртэй нь адилхан олон хүн байдгийг мэджээ. Энэ тухайгаа тэрбээр "Тэргэнцэртэй иргэдийн холбоонд ирээд тэргэнцэртэй хүмүүс компьютерын ард суугаад ажил хийж байхыг хараад над шиг хүмүүс нийгмийн харилцаанд орж, хөдөлмөр эрхэлж болдог юм байна гэдгийг ойлгосон. Тэр нь надад маш их урам өгсөн. Түүнийг хараад л “Би ч бас чадна” гээд л гар урлалын төвд сурч эхэлсэн дээ" хэмээн ярилаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Одоо тэрбээр Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоонд ажиллахынхаа хажуугаар сонины цаасаар сагс, сувинер хийдэг "Eco gift" хоршоонд ажилладаг. Хоршоог анх байгуулахдаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л дандаа шүр, сувдаар юм хийх ёстой биш" гэж бодон өөр шинэ содон зүйл эрэлхийлжээ. Улмаар сонины цаасаар сагс, үзэг балны сав гэх мэт зүйлс хийх санааг олсон байна. Улмаар 2014 оноос эхлэн энэ санаагаа бүтээл болгожээ. "Eco gift" дэлгүүр одоо хоршоо болтлоо өргөжин тэлж, тэргэнцэртэй иргэдийг ажлын байраар хангаж байна.
Б.Болормаагийн нийгмээс хүсэж байгаа ганц зүйл нь хүртээмжтэй байдал. Тэрбээр энэ тухайгаа "Улсаас сар бүр олгож байгаа халамжийн мөнгөөс илүү хүртээмжтэй орчинг бий болгоосой гэж хүсдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Тэгвэл хэн нэгэн миний аманд хоол хийх болов уу гэж харж суух биш, бусдын адил ажиллах болно. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө илүү үнэ цэнэтэй байна шүү дээ. Хүртээмжийг сайжруулаад ямар ч үйлчилгээний төв, байгууллага руу орсон налуу замтай, ариун цэврийн өрөөг нь шийдчихсэн байвал бид яг л бусдын адил сурч, хөдөлмөрлөөд ажиллах болно" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )