"Тэди" төвөөс Улсын их дэлгүүр хүртэлх зам талбайг миний мэдэхийн арван жилийн өмнөөс бүрэг жаалхан эмэгтэй өөрөөсөө ч том хогийн сав чирчихсэн цэвэрлэж байдаг сан. Одоо ч хэвээрээ.
Улбар шар хантаазтай, сэмэрч хуучирсан алчуураар толгойгоо боосон тэр эмэгтэй одоо бөгтөр жаалхан эмгэн болж дээ. Өглөө бүр ажилдаа явах замыг минь тосон ширхэг ч хоггүй цэвэрхэн гудмаар алхуулж, үдэш бүр харих замыг минь гэрэлтүүлэн цэмцгэрхэн хотоор аялуулдаг үл таних энэ хүнийг харах бүрийд хайр төрнө. Ажилдаа шалмаг гэж жигтэйхэн, татсан тамхины иш, хэрэглээд хаясан амны хаалт, чихрийн цаас, хийсэх навчис бүхнийг гүйн очиж шүүрээрээ хураан, гүйцэн түрүүлэн шүүрч хамах нь сурмаг.
Б.Нарантуяа эгч энэ салбартаа үнэнч. Аль бага 16 наснаасаа л ажлын гараагаа эхэлж, нийслэлийнхээ зам талбайг яралзтал цэвэрлэсээр өдийг хүрсэн бөгөөд өдгөө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанид харьяалагдан ажиллаж байна.
Гурван жилийн өмнө Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуй нэгж байгууллагын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд тэдний байгууллага манлайлан оролцож тэргүүн байрыг эзэлсэн. Тэр баярт мөчөөр Б.Нарантуяа эгч ч мөн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, байгууллагынхаа аваргаар шалгарч, “Өүлэн эх” шагналыг ч хүртээд амжжээ.
Түүнийг хамт ажилладаг хүмүүс нь андахгүй сайн мэднэ. Мастер О.Цэнддорж “Намайг 20 жилийн өмнө ажилдаа ороход Нараа эгч байж л байсан. Чин сэтгэлээсээ ажлаа яс хийдэг, тууштай, зүтгэлтэй хүн. Хамт олон маань түүнийг хүндэтгэн үлгэр дуурайл болгож явдаг” гэсэнд нь яг л харагддаг шигээ сэтгэл ханав. Хийж байгаа мэт дүр эсгэдэг, үр дүн нь сулхан, үг, үйлдэл хоёр нь алд дэлэм зөрдөг хүмүүс андашгүй. Нарантуяа эгч түүний дэргэд жинхэнэ ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч алд биеэ улс эх орондоо зориулж яваа эх оронч хүн.
Тэрбээр өглөө дөрвөн цагт босоод 17 дугаар сургуулийн автобусны буудлаас ажил руугаа алхах нь энүүхэнд. Тавхан буудал алхаад орчихдог юм гэж хэнэггүйхэн инээх. Өглөө эрт нийтийн унаа мөд явдаггүй болохоор ийнхүү алхдаг аж. Өвлийн улиралд зургаан цагт, зуны улиралд таван цагтай уралдан түүний ажил эхэлнэ.
“Хүмүүс ажилдаа ирэхээс нь урьтаж автомашины зогсоол, машин зам, олны хөлийн газрыг амжиж цэвэрлэх гэж минуттай уралдана шүү дээ. Жолооч нар машин зам давуулаад унаа тэргээ эгнүүлээд тавьчихаар цэвэрлэхэд хэцүү, хүмүүс шүүр, хутгуураараа машин зурах вий гэж аашлаад байдаг юм” гээд нэг их санаа алдав. Хэрэглэсэн цаасаа хогийн саванд хийх ухамсаргүй хүмүүс машинаа зурагдах вий гэдгээс үхтлээ айдаг байх нь. “Залуус их хог тарина, шүлс, нусаа хаяна. Заримдаа аашлах, аргадахын завсарт залууст хэлдэг л юм. Чихэндээ чихэвч хийчхээд л чихгүй юм шиг өнгөрнө шүү дээ. харин миний дүү, наадахаараа сайн хэлээд өгөөрэй" гээд тэр зургийн аппарат руу заав. Энэ бол арга ядсан хүний үг л дээ.
Гэсэн ч тэр “Би ажилдаа дуртай” гээд нар шиг инээмсэглэв. Тэр эмэгтэй өвлийн цастай өглөөгүүр өндийх ч завгүй цас шүүрдэж, хаврын шороотой өдрөөр харах ч сөхөөгүй хог хамж, зуны бороотой өдрөөр зогсоо зайгүй шалбааг шавхаж, намрын навчистай үдшээр наргих ч бодолгүй навчис хурааж 40 жилийг ардаа үдсэн. "Өвлийн хүйтэнд даардаг л юм. Хөдлөөд байхаар дулаацаад, сүүлдээ бүр халууцаад ирдэг" юм гээд аанай л инээмсэглэв. Ноогдсон талбайгаа цэвэрлээд нэг амьсгаа авч, 11 цагт хоолондоо ордог. Ажил багатай үед 17 цагт ажлаасаа бууна даа. Түүнийг дагаад Чингэлтэй дүүргийн барилгын арын хаалгаар уруудан, хамар сэтлэм чийг үнэртсэн харанхуй подваль руу оров. Үйлчилгээний ажилчид хооллохоор ирснийг илтгэж ханаа дагаад доороо дугуйтай өнгө өнгийн хогийн сав эгнээстэй байлаа. Үдийн хоолонд хоосон шахуу яс, амт чанар тиймхэн хоол идэж байгаа харагдав. Хот тохижилтын удирдлагууд хүнд хүчир ажил хийдэг ажилчдынхаа хоол ундыг шим тэжээлтэй, амт чанартай болгох тал дээр анхаарууштай санагдлаа. Үйлчилгээний ажилчдыг хогийн тэргээ чирээд ажилдаа гарсны дараа хонгил эл хуль оргиод явчихна. 240 литрийн багтаамжтай нүсэр том савыг тэд оровч, гаравч чирээстэй. Учир нь хогийн саваа хулгайд алдчихвал өрөнд орно шүү дээ. Уг хогийн тэрэг өдөртөө 4-5 удаа дүүрдэг аж. Хогоо хогийн цэг дээр асгаад, дахиад л дүүрчихнэ. Ингээд бодохоор энэ амьдрал эцэс төгсгөлгүй, дуусаж дундаршгүй хэрэгтэй, хэрэггүй хогоор дүүрэн мэт. Хүний шунал, барагдашгүй хэрэглээ нь тийм хойно. Яая гэх вэ дээ.
Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Пүрэвдэмбэрэл “Манай байгууллага өглөө бүр ажилчдаа микро автобусаар тойрч авдаг. Б.Нарантуяа эгч маань алхахдаа алхаад, суухдаа суугаад ажилдаа ирдэг. Манай байгууллагын ахмад ажилчин. Хэдий тэтгэвэрт гарсан ч бид түүний аж амьдралыг нь харж үзээд, ажилдаа дуртай, хайртай болохоор нь ажиллуулж байгаа” гэв. Нарантуяа эгч өдгөө 60 нас руу дөхөж яваа. Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хүнд нөхцөлд хамаардаг. Тэдний цалин саяхан нэмэгдэж 750 мянган төгрөг авдаг болжээ. Гэвч Нараа эгч цалингаа бүрэн мэдэхгүй байв. Мастераас нь учрыг лавлахад ганц охин нь картыг нь “атгадаг” бололтой. Хүний эх гэдэг үхтэл үр хүүхдийнхээ л төлөө амьдрах юм даа. Газар дээр тэр ганцхан охинтой бөгөөд охин нь хоёр зээ төрүүлж өгчээ. Тэгээд л дөрвүүлээ аж төрнө. Охин нь хүүхдүүдээ хараад гэртээ өнжих. Харин бөгтөр жаахан ээж нь үүр цүүрээс үдшийн бүрий болтол хүйтэнд хөрж, халуунд халж хоёр суганыхаа булчирхайг цочтол, хоёр гарынхаа алгыг цэврүүттэл ажилласаар л. Заримдаа цас орсон үеэр шөнө дөлөөр чиг харина. Амралтын өдрүүдээр уртасгасан цагаар ч ажиллах шаардлага гардаг.
Өнгөрөгч онд Хотын захирагчаас гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг бага оврын машинуудыг Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн билээ.
Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдсэн ч техник технологит дөртэй залууст тохиромжтой “унаа”. Нарантуяа эгч шиг бүхнийг улаан гараараа ширхэгчлэн түүгээд сурчихсан хүнд нэг л таарамгүй. “Хүн гэрээ цэвэрлэхдээ нүд хуурдаггүй биз дээ. Ажилдаа би гэрээ цэвэрлэж байгаа юм шиг чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг” гэж хэлсэн түүний ур чадвар, үр бүтээл ямар ч өндөр хөгжилтэй, үсрэнгүй ажлын “машин”-аас сэтгэл ханхлуулдгаараа мянган хувь илүү билээ. Гэсэн ч тэр нэр алдар хэзээ ч горилоогүй, шагнал урамшуулал хэзээ ч нэхээгүй эгэлээс эгэлхэн нэргүй баатар юм. Тэди төвөөс Улсын их дэлгүүр хүртэл та алхаад нэг үзээрэй. Улбар шар хантаазтай, сэмэрч хуучирсан алчуураар толгойгоо боосон бөгтөр жаалхан эмгэн өөрөөсөө том хогийн сав чирчихсэн татсан тамхины иш, хэрэглээд хаясан амны хаалт, чихрийн цаас, хийсэх навчис бүхнийг гүйн очиж шүүрээрээ хураан, гүйцэн түрүүлж шүүрч хаман зогсоо чөлөөгүй ажилласаар л байгаа...
Сэтгэгдэл ( 3 )
Енеедер хедеений таксичингууд хонох газаргуй хотын тевийн боломжтой газраад явж бааж шээж байна. Яг унэндээ УБ-ын захын хороолол биш тев нь жорлон болж дууслаа. Миний бодлоор Иргэний унэмлэхийн буртгэлээр машинд нь дугаар егч хотод зугаалж байгаа таксичуудаас татвар авдаг систем нэвтруулмээр байна. Хотын тев чинь жорлон болоод хэдэн жил болж байна шуу, хогнуудаа.
Хөөрхийдөө би энэ хүмүүсийг өрөвддөг. Яагаад гэвэл нийслэлийн бүдүүлэг жолооч нарын цонхоор хаясан тамхийны ишийг өглөө оройгүй цэвэрлэнэ. Бүтээн байгуулалт хийж буй нийслэлийн удирдлагаа хийх ажилгүй нэг нь гочилж гоочилж бүхнийг нь үгүйсгэнэ. Бас нөгөө хэдэн хот цэвэрлэгчдээ ажил нэмж, элдэв үгүйсгэсэн ухуулга суртчилгааны наасан цаас цэвэрлүүлнэ. Энэ хэдэн хүмүүсийн маань ажил энэ хүмүүст их л багадаад байгаа бололтой.
АРАЙ Ч ДЭЭ. МАХЫГ НЬ ТОМЧУУД НЬ ИДЭЭД ЯСЫГ НЬ ӨГДӨГ БАЙХ НЬ. АМАРСАЙХАН ДАРГА ТА ТЭРҮҮГЭЭР НЭГ ОРНО БАЙГАА. ГЭХДЭЭ ХЭЛЭЭД ХЭРЭГГҮЙ. ГЭНЭТ Л ОР. ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГАЗАР АЖИЛЧДАА ХООЛЛОЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.