Энэ жилийн боулингийн отгон тэмцээн “King of bowling” өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд 16 баг оролцсон бөгөөд эхний шатанд бүх багууд 4 тоглолт гүйцэтгээд авсан онооныхоо эрэмбээр 1-ээр гарсан нь 16-аар шалгарсан багтай халз тоглох зарчмаар аваргаа тодруулсан.
Боулингийн хааны титмийг энэ удаа Санхүү эдийн засгийн их сургуулийн Д.Амьбөх ахлагчтай Б.Пүрэвдорж, Б.Бат-Амгалан нарын баг тэргүүндээ заллаа.
Хоёрдугаар байранд “Winners” клубын эмэгтэйчүүдийн баг болох Э.Хунтогос, Ч.Золжаргал, Б.Тамир нар оров.
Гуравдугаар байранд Д.Нацагдорж, Г.Ууганболд, Б.Мягмарцэнд нарын баг шалгарсан юм.
Тэмцээний өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Strikes” клубын А.Батжаргал (248 оноо), эмэгтэйчүүдээс мөн клубийн Ш.Гэрлээ (206 оноо), “Winners” клубийн Б.Мягмарцэнд (206 оноо) нар оноо тэнцэн шилдэг тамирчид боллоо.
“King of bowling”-д оролцсон эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс тус бүр 15 оноо нэмж өгсөн бөгөөд тэмцээний аваргын төлөө тоглолт ердөө 1 онооны зөрүүгээр шийдэгдсэн. Энэ мэтчилэн олон тоглолтын дүн тун бага онооны зөрүүтэй болсон нь өрсөлдөөн өндөр байгааг харуулсан.
Сэтгэгдэл ( 0 )