Ирэх сарын 12-нд Токиод эхлэх мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн банцүкэд дээд зиндаанд ганцхан бөх шинээр дэвшсэн нь Кирибаяма Б.Лхагвасүрэн байлаа. Кирибаяма өнгөрсөн 11 сарын тэмцээнд 11 давсан юм.
Дээд зиндаанд дэвшсэн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Б.Лхагвасүрэн “Их баяртай байна. Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо. Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргаас их юм сурч байна. Би хоолондоо сайн биш. Харин аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” гэж ярьсан байна.
Харин Мичинокү ояката “Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард манай дэвжээ ганц ч цолтой бөхгүй байлаа. Харин одоо нэг аварга, нэг маэгаширатай шинэ жилээ угтаж байна. Ёкозүнатай хамт бэлтгэл хийж байгаа бөх улам сайн барилддаг ёстой” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн Кирибаяма ёкозүна Какүрюүгийн дохёнд гарах ёслолд оролцох юм.
Сэтгэгдэл ( 2 )
Nutgiin duugeeree baharhaj bna amjilt husie
Манай Дорнод аймгмйн Сэргэлэн сумын залуу байна. Японд уулзаж байсан