Монголын 6 тамирчин Залуучуудын өвлийн олимпод оролцоно

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

“Таван цагариг”-ийн Япон дахь сурвалжлагч Э.Гуамарал

2020 он гарангуут зохиогдох спортын томоохон үйл явдлын нэг нь нэгдүгээр сарын 9-22-нд Швейцарын Лозанн хотноо болох Залуучуудын өвлийн олимпын III наадам юм. Энэ удаагийн Залуучуудын өвлийн олимпын наадамд 73 орны 1800 гаруй тамирчид өвлийн спортын 16 төрлөөр 81 цогц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монголын баг “Лозанн-2020”-д зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар олимпын эрхээ аваад Европт уралдаан тэмцээнд оролцож, бэлтгэлээ базааж байгаад шууд Швейцарт очих бол гүйлтийн цанаар О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нарын дөрвөн цаначин энэ сарын 30-нд эх орноосоо мордох ажээ.

“Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпод оролцох багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажиллана.

ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудын олимпын наадмын түүх 2010 оноос эхэлсэн бөгөөд Залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт, 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентины Буэнос Айрес хотноо, Залуучуудын өвлийн олимпын наадам 2012 онд Австрийн Инсбрукт, 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо зохиогдож байв.

Залуучуудын олимпын наадамд 18 хүртэлх насны тамирчид оролцох эрхтэй байдаг. “Лозанн-2020” -ийн спортын уралдаан тэмцээн Лозанн хотоос гадна Өвлийн олимпын наадмыг 1928, 1948 онд зохион байгуулсан түүхт хот Сант-Мориц хот болон Лезен, Лес Диаблерец, Вилларс, Шампери, Вэлли де Жоуш зэрэг Швейцарын жижиг тосгон, тэр ч бүү хэл Францын Лес Туффест хүртэл болох юм.

Тухайлбал манай гүйлтийн цаначид Вэлли де Жоушд нэгдүгээр сарын 18-21-нд өрсөлдөх бол биатлончид Францын Лес Туффест нэгдүгээр сарын 11-15-нд цэц мэргээ сорино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top