Чөлөөт бөх: Можтаба Голейж “Оны шилдэг залуу бөх”-ийн шагнал авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Ираны Можтаба Голейжийг 23 хүртэлх насны дэлхийн шилдэг залуу бөхөөр шалгаруулжээ.

Тэрбээр аравдугаар сарын сүүлээр Унгарын нийслэлд болсон 23 хүртэлх насны ДАШТ-ий 97 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн билээ. Финалын барилдаанд Можтаба ОХУ-ын Шамиль Мусаевыг ялсан.

Можтаба Голейж барилдааны хэв маяг нь Хасан Язданитай төстэй, биеийн хөгжил сайтай, үргэлж довтолдог бөх. Гэхдээ техник, тактикийн дутагдал нь түүнийг жиндээ шилдэг болоход нь саад болдог гэж шинжээчид үздэг.

Ирэх жил Можтаба Голейж олимпын эрх авах гэж өрсөлдөх болно. Иран дахь гол өрсөлдөгч нь дэлхийн хошой аварга Риза Яздани, сэргээшийн хэргээр дөрвөн жил завсарлаад эргэн ирсэн  Мохаммад Мохаммадиан байх болно. Мохаммад аравдугаар сард Армийн дэлхийн аварга болж, форм сайтай байгаагаа харуулсан. Тэдэнтэй хашир туршлагатай Эсмаил Нежатиан, шинэ залуу Аббас Форутан нар өрсөлдөнө.

97 кг-ын жинд иранчууд ДАШТ-ээс олимпын эрх авч чадаагүй. Нур-Султанд Али Шабани зодоглож, хоёрдугаар тойрогт Гүржийн Элизбар Одикадзед ялагдсан.

Ираны шилдэг бөхчүүд ирэх сарын 8-10-нд Керманшахт болох Тахтийн цомын тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнээс хэн нь Хятадад болох олимпын эрхийн тэмцээнд оролцох нь тодорхой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top