Чөлөөт бөх: Казахстаны Нуркожа Кайпанов Азийн шилдэг бөхөөр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 01

Азийн бөхийн нэгдсэн холбооноос 2019 оны шилдгүүдээ тодруулжээ.

Эрэгтэй чөлөөт бөхчүүдийг Казахстаны Нуркожа Кайпанов тэргүүллээ. 2019 оны үзүүлэлтээр Кайпанов Ираны Алиреза Каримитай (92 кг) ижилхэн 90 оноо авсан. Хоёулаа ДАШТ-ий мөнгөн медальтай, Азийн аварга болж, Италийн Сассарид түрүүлсэн. Гэхдээ ДАШТ-д жинд нь хэдэн бөх барилдсанаар казах залуу тэргүүлсэн байна. 70 кг-ын жинд 30 бөх барилдсан бол 92 кг-д 18 бх барилджээ. Гуравдугаар байрт ДАШТ-ий 65 кг-ын жингийн хүрэл медальт Энэтхэгийн Бажранг Пуния орлоо.

Сонгомол барилдааны Оны шилдгээр Риогийн олимпын мөнгөн медальт Японы Шинобү Ота шалгарч, Өмнөд Солонгосын  Рю Хан Су, Ким Хен Ву удаалсан байна.

Эмэгтэй чөлөөт бөхийн шилдгээр Хятадын Нингнинг Ронг тодорсон. Тэрбээр дэлхийн аваргаас мөнгөн медаль, Азийн аварга болж, Болгарын чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн. Түүний дараа эх орныхоо анхны дэлхийн аварга болцгоосон Кыргызстаны Айсулу Тыныбекова, Хойд Солонгосын Йонг Ми Пак орсон байна.

Азийн шилдэг дасгалжуулагчаар Ираны Голамреза Мохаммади (эрэгтэй чөлөөт), Мохаммед Бана (сонгомол), Японы Томияма Такада (эмэгтэй чөлөөт) нар шалгарлаа.

Азийн шилдэг бөхийн холбоогоор Казахстаны бөхийн холбоо шалгарсан. Тус холбоо насанд хүрэгчдийн ДАШТ, Азийн идэрчүүдийн АШТ-ийг үлгэр жишээ зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top