Ц.Энхтүвшин . “ ТАВАН ЦАГАРИГ”
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (National Basketball Association)-ны комиссараар 1984-2014 онд ажиллаж байсан, АНУ-ын нэрт бизнесмэн, хуульч, спортын агуу зүтгэлтэн Дэвид Жоэл Стерн 2020 оны эхний өдөр 77 насандаа Нью-Йорк хотноо хорвоогийн мөнх бусыг үзлээ.
NBA-ийн дөрөв дэх босс, уг сэнтийд хамгийн олон жил заларсан Дэвид Стерн нь удирдсан холбоогоо энэ дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн баян холбоо болгоход үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. Стернийг босс байх үед 28 баг шинэ ордонтой болж, лиг хувцасны дэг журам, эмэгтэй НБА, НБА-ийн сайн үйлсийн аян, НБА ТВ, Хар тамхи, мансууралтын эсрэг аян, хилийн чанадад НБА-г сурталчлах гэх мэт олон томоохон төсөл амжилттай хэрэгжсэн юм. Мөн түүний үед НБА ам бүлээ нэмж, долоон баг шинээр НБА-д элсэн, нийт багийн тоо 30 хүрсэн. За тэгээд лигийн орлого тэрбум, тэрбумаар тоологдож, тамирчдын цалин сая саяар нэмэгдсэний гавьяа мөн л Стернийх гэхэд болно.
НБА -г “айл шиг айл” болгоход, сагсанбөмбөгчдийг саятан, тэрбумтан болгоход, дэлхий даяараа НБА-г мэддэг болгоход ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан эрхэм Стерн Та тайван нойрс доо! Таны сагсанбөмбөгийн төлөө хийсэн бүхэн хэзээ ч мартагдахгүй мөнх дурсагдах учиртай билээ.
P.S. Атлантын “Алтан” олимпийн үеэр энэ эрхэм хүнтэй уулзаж, Монголын сагсанбөмбөгийн холбооны бяцхан дурсгалын дарцагийг бэлэглэж, Монголд мэргэжлийн сагсанбөмбөгийн лигтэй болсныг дуулган, хамт патиараа татуулах хувь тохиож байлаа даа.
Сэтгэгдэл ( 1 )
Um ma ni bad mi hum