1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финал “дахин” явагдана

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Ц.Энхтүвшин .”Таван цагариг”

Ирэх долоо хоногт буюу 2020 оны нэгдүгээр сарын 9-нд Бразилийн Форталеза хотын “Estadio Presidente Vargas” цэнгэлдэхэд хөлбөмбөгийн нэгэн сонирхолтой тоглолт болох нь ээ. Энэ өдөр хөлбөмбөгийн хорхойтнууд 1994 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын Пасадена хотын алдарт “Рөүз Боул” цэнгэлдэхэд явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод хүч үзсэн Бразил-Италийн шигшээ багуудыг дахин харах ховор завшаан тохиох нь.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх хамгийн дуулиан шуугиантай, хамгийн сонирхолтой, мөн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, анхны үндсэн болон нэмэлт цагт тэнцсэн, анхны гоол ороогүй, анх удаагаа 11 метрийн торгуулийн цохилтоор Дэлхийн аварга тодорсон гээд л маш олон тодотгол дагуулдаг 1994 оны ДАШТ-ий финалын тэрхүү тоглолтод оролцсон ихэнх тоглогчид ногоон талбайд гарах юм. Тухайлбал Бразилийн шигшээд Таффарел, Кафу, Жоржиньо, Марсио Сантос, Алдаир, Бранко, Мауро Сильва, Дунга, Мазиньо, Бебето, Зиньо, Виола гээд яг тэр өдөр “Рөүз боул”-ын ногоон талбайд гарсан тоглогчид, мөн сэлгээнд байсан Пауло Сержио, Жильмар нар тоглох аж. Гол тоглогчдоос Ромарио л алга. Багийн дасгалжуулагч нь түүхт тэр өдөр Бразилийн шигшээ Дэлхийн дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болоход дасгалжуулж байсан алдарт Карлос Альберто Перрейра.

Харин Италийн шигшээд тэдний хувьд аз од, хөлбөмбөгийн бурхан тэнгэр нь нүүрээ бууруулсан тэр өдөр талбайд гарсан Альбертини, Барези, Берти, Тассотти, Массаро, Бенарриво, Аполлони, Мусси, Эвани болон сэлгээнд байсан Зола, Костакурта, Казираги нар тоглох бөгөөд уг тоглолтын “гол буруутан” Роберто Бажо болон түүний амьдаа Дино Бажо нар харин Форталезад очихгүй ажээ. Италийн шигшээг 1994 онд удирдаж байсан нэрт дасгалжуулагч Арриго Сакки мөн “командлана”. Ийнхүү 25 жил гаруйн өмнө болсон, цельсийн 38 градусын халуунд 120 минутын турш тоглоод хэн хэн нь гоол оруулж чадаагүй, торгуулийн цохилтоор Бразилчууд 3:2-оор хожин дэлхийн аварга болж байсан тэр түүхэн тэр тоглолтыг бид өнөө цагт дахин харах нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top