Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Тус газраас хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, цахим системийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэдүүлэг гаргагчдын 2019 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад 2020 оны мэдүүлгийг бүрдүүлэлтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр албан бичгийг хүргүүлсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 109 байгууллага, тэдгээрийн салбар нэгж буюу нийт 1704 салбар нэгж дээр ХАСХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаа явагдах юм.
Өнгөрсөн онд 41382 мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд энэ оны хувьд Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан, Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаал”-ын ангилал, зэрэглэл, 276 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан мэдүүлэг гаргагчдын тоонд бага зэрэг өөрчлөлт орох бөгөөд холбогдох байгууллагуудаас ХАСХОМ гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргуулан авч хяналт тавин ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, мэдүүлгийг бүртгэж хадгалах эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх, хяналтыг сайжруулах, удирдах албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )