Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.
1988 он. "Болор цом-6" наадмын тэргүүн шүлэг: Ардын уран зохиолч Тангадын Галсан
ЖИРМИЙН СҮЛЖЭЭ
1. Афган андын асуулт
Танай нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаан мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?
2. Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хүнлэгээрээн яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу
3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
4. Хос дэрний дууль
Хорондоо хоорондоо холдохгүй ээ хө гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэнч хосын дэр болохоосоон урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ
5. Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал бялхаатай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил жигдрээстэй айлд хүү алд өсдөг
6. Эх
Анаж занаж дайсан хүүгий нь хороохоор иржээ
Ачтай эх нь үрээн нүднийхээ цэцгийд нуужээ
Хартай дайсан хүүгий нь хаана байгааг мэдчихжээ
Хайртай эх нь үрээн зүрхнийхээ ховдолд нуужээ
7. Дандар баатар
Дандар хүү: шархтай баавгайнаас хулчийдаггүй байсан юм
Далан сэлэмтэн дайраад ирэхэд дальдардаггүй байсан юм
Дайсандаа ч нөхөртөө ч арангатай Маршалаас айдаггүй байсан юм
Даруухан ээжийнхээ өмнө, тамхи асааж зүрхэлдэггүй байсан юм
8. Манайд малчин ховордсоны нууц
Дээлээн даахуйцаа болсоны нь сургууль аваад явчихсан юм аа
Дээврээн даахуйцаа болсоны нь цэрэгт татаад авчихсан юм аа
Тэмээ адуу дутаасны нь шүүх авчихсан юм аа
Дээхнэ үеийн малчид диваажинд залагдаад одсон юм аа
9. Монгол заншил
Өөрсдөөн даалимба хөдөс өмсдөг
Үр ачаан нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтагладаг
Монгол түмний минь заншил гайхамшиг
Сэтгэгдэл ( 0 )