БОЛОР ЦОМ-10 | Тэргүүн шүлэг - "Хил дээр бичсэн шүлэг"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.

"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.


1992 он. "Болор цом-10" наадмын тэргүүн шүлэг: Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

ХИЛ ДЭЭР БИЧСЭН ШҮЛЭГ

Хүний нутагт явсан цулбуур эвхэж

Хилийнх нь боомтод ирлээ

Торгон хилийн эмзэг зурвасны цаана

Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна

Ай мөн сайхнаа

Хилийн эрхэм түшмэл

Хээмсэг ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр

Аль улсын иргэн болох гэж асуусан байна

Монгол гэж

Зургаан хана шиг үсгийг

Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ

- Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна

- Үхтлээ сууна

Үхсэн хойно сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ

- Зарах юм байна уу? гэсэн хүмүүс

Завсраар нь бас гүйлдэнэ

Мохоо хутга шиг нүд нь

Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ

- Үгүй дээ

Хардаг нүд гэмээнэ

Цавчихыг нь мартаж өмгөөлсөн

Хальдаг амь гэмээнэ

Үхэхийг нь мартаж өмөөрсөн

Нутгаан өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан

Нуман хөвч, аагтай илдний үр садыг монгол гэдэг юм аа

Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!

Нутагруу минь унагасан нүдээ ав!

Өвөг дээдэс минь Ясаан дор нь ивсэн

Өндөр оронд чинь санаархваас заяа чинь дутна

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top