БОЛОР ЦОМ-11 I Тэргүүн шүлэг - "Миний муу сайн найз нар"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна. 

 


1993 он. "Болор цом-11" наадмын тэргүүн шүлэг:  Ардын уран зохиолч Дөнгөдийн Цоодол

МИНИЙ МУУ САЙН НАЙЗ НАР

(Үзэг нэгтэндээ)

Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар

Цанхаалж оны тэргүүн бүсгүйд сэвж
Цаадах нь тоохгүй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа Миний муусайн найз нар

Тоонотой гэр нь тэнд ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны төлөө задгай мөнгө шиг үрээж
Цэрэг Шандорын унасан тулалдааны талбараас
Цэцэн Ли Бай сар тэвэрч үйсэн мөрний урсгал дундаас

Нацагдоржийн тарчилсан шоронгийн зэвүүн өрөө
Нанчидаа Чойномын хөнтөрсөн дарсны ширээний дэргэдээс
Найрагчид найз нар минь үгээ хэлж нар хүн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг наьтаргын цаас шиг базаж хаядаг аа

Гашуун юмны донтой гэж адла
Гар дороос нь гайхамшигт бадаг төрөх л болно
Галзуу согтуу түшмэдүүд хэлэг
Гагцхүү миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэднээс онил
Судсандаа нартай юм чинь дээ бид шатсаар л дуусна

Шоргоолж шиг бужигнах энэ орчлонд
Шорон гяндан, хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда, Христо, Аллах

Бууж ирээд та нартай уулзатлаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо
Будаг үнэн хоёрыг ялгуулая гэвэл
Бусад нь нэмэргүй

Наад хэдэн салбагарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла

1993 оны Болор цомын тэргүүн шүлэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top