Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.
1995 он. "Болор цом-13" наадмын тэргүүн шүлэг: Яруу найрагч Б.Доржпалам
ХӨӨРЛИЙН ШҮЛЭГ
Тэр үнээн! би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бүлээрч шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл
Будант тэнгэрийн танихгүй оддыг минийх гэж
Булааж шүлэглэсэн хүн ,хүлцэл өчмүү!
Өчсөн, өчөөгүй би дэхиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн үүлс ахиад л
Зангирах нь
Хүлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хүрдэн их дэлхийг мөндөр цохьж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон одод миний
Алаг нүднээс аргамжаатай
Хязгааргүй их тоо бүхэн миний
Арван хуруунаас торгомжоотой
Миний
Онгирох
Орон зай ийм!
Өөрчилж зогссон газар бүхэнд
Өөрөөс минь үүсдэг
Дөрвөн зүг үзүүргүй
Өндрөөс минь дээшээ
Өсөж үргэлжилсэн
Босоо шулуун хязгааргүй
Миний
Хөөрөх
Хөх тэнгэр энэ!
Би онгирахдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгүй тонгочих гэсэн юм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгүй залгилах гэсэн юм
Онгирох юм надад их байна
Yгүйрлийн зуднаас
Түрүүлж нүүгээд
Багширсан сүрэг байна
Yүлэн сүүдэрээс хоцорч нүүгээд
Бараадсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар далай, тэнгэрийн гурван чулуу
Гурвуулаа надад байна
Аяа!Би наанадаж онгирьюу
Талын шуурганаас өрсөж босож
Буур хилэгнүүлэх нь
Таанын толгойноос шүүдэр түүж
Шииээ уурлуулах нь
Аяа! Би цаанадаж онгирьюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yүлүүдэх нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шүлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гөлөглөх нь
Орчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шүлгээ би
Унших нь
Уншихгүй гэсэн чинь
Уурласан өвгөд
Удмаа залгуулахгүй гэж
Айлгасан юм
Уншихгүй гэсэн чинь
Уйлсан бүсгүй
Уруулаа өгөхгүй гэж
Туньсан юм
Оргирохгүй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Онгодоо өгөхгүй гэсэн юм
Оргирохгүй байя гэсэн чинь
Онгон лус дур үгүйцэж
Охиноо өгөхгүй гэсэн юм
Тэр үнээн,би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж
Зүтгэж шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл огт танихгүй бүсгүйг миний гэж
Зүтгэж шүлэглэсэн хүн
Тэд бүхнээс хүлцэл эс өчмүү.
Сэтгэгдэл ( 0 )