“Никкан спортс”, Такада Бүнта
Таван жилийн дараах банцүкэг төсөөлөөд үзье гэж бодлоо. Ингэхдээ 2024 оны арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн маэгаширагаас дээш цолтнуудыг таах гэж оролдлоо.
Ёкозүна – Асанояма, Роога
Озэки – Такакэйшёо, Китановака, Котошёохо, Хоошёорюү
Сэкивакэ – Котоновака, Ная
Комүсүби – Мэйсэй, Кирибаяма
Эсэргүүцэх хүн маш олон гарна гэж бодож байгаа ч миний бодол ийм байна. Юуны өмнө хэлэхэд таван жилийн дараа гэхэд одоо 30 нас өнгөрсөн байгаа Хакүхо, Какүрюү, Гоэйдо, 29 настай Такаясү тэргүүтэй олон бөх зодог тайлсан байх болно. Харин тэр үед 30 нас хүрч, ахмад бөх болсон Асанояма 24-26 насны Роога, Китановака, Котошёохо, Ная гэсэн залуучуудын түрэлтийг тогтоох гэж тэмцэж байх болов уу.
Одоо 23 настай Такакэйшёо цаашдаа нэлээд хэдэн удаа түрүүлэх нь мэдээж ч ёкозүна цол хүртэхэд шаардлагатай хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл үзүүрлэх гэсэн шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь хав золгож, барьц авахаас илүү оши буюу түлхэх барилдаантай тул тогтвортой барилдаж чадахгүй гэж үзэж байна. Ёкозүна цолны төлөөх башёд гэмтэх явдал их байх болов уу. 30 настайдаа ёкозүна болох боломж гарах бөгөөд түүний ид үе нь долоон жилийн дараа ирэх байх. Хэрэв үүнээс өмнө ёкозүна цол хүртвэл эрт зодог тайлна. Такакэйшёогийн зан чанарыг харахад ёкозүна хүний үүрэг гээд гэмтэлтэй байсан ч барилдаж байгаад замналаа өөрөө богиносгох юм. Тийм болохоор ёкозүна болох гэж яараад хэрэггүй.
2024 оны үеийн нэгэн онцлог нь Монгол сүмочдын 3 дахь үе гарч ирнэ. Кёкүтэнхо, Кёкүшюүзан нарын эхний үе. Тэднийг харж, сүмоч болох мөрөөдөл тээн, Японд ирсэн Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар хоёр дахь үе. Тэдний дараагийн үеэр Ичиножёо, Таканоива нарыг нэрлэмээр байвч арай л болохгүй нь. Японд дунд, ахлах сургууль төгсөж, сонирхогчдын сүмо барилдаж үзсэн, амьдралд ч дасан зохицсон, япон хэлтэй Роога, Хоошёорюү нарыг “Монголын сүмогийн 3 дахь үе” гэж нэрлэвэл зохилтой. Хэнээс ч айхгүй зоригтой, эрчтэй нь эхний хоёр үеэс ялгаагүй, адилхан. Тэд япон бөхчүүдтэй сайн утгаараа ана мана өрсөлдөх болно. Гэхдээ макүшитагийн Роогагийн хувьд төрсөн нутгаа Орос болгон өөрчилсөн тул ОХУ-ын анхны ёкозүна болох юм. Роогаг одоо сэкитори болоод байгаа Кирибаяма, Хоошёорюү нараас илүү барилдана гэж би үзэж байгаа.
Япон бөхчүүдээс ёкозүна Котозакүрагийн ач Котоновака, Тайхо аваргын ач Ная гэсэн алдарт аваргуудын удам гарч ирэх ёстой. Энэ япон бөхчүүд монголчуудтай өрсөлдөх нь ах дүү аварга Таканохана, Ваканохана нар Хавайн арлын Акэбоно, Мүсашимарү нартай өрсөлдөж байснаас илүү сүмо бөх сонирхолтой болно.
Мэдээж бүгдийг нь таалаа гэж хэлж чадахгүй. Дээр дурдсан бөхчүүд том гэмтэл аваад банцүкэ нь бууж ч болно. Гэхдээ хүнд хэцүү сорилтыг даван туулж ирэх нь сүмо бөхийн нэгэн сонирхолтой тал билээ.
Сэтгэгдэл ( 3 )
za barag l bna
Hoshoryu avarga boloh bh
Asanayama tiim olon taliin barildaantai bish