Туркт Яшар Догугийн дурсгалыг хүндэтгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Туркийн домогт бөх, дасгалжуулагч Яшар Догугийн дурсгалыг хүндэтгэл ёслол энэ сарын 8-нд Анкарад боллоо.

“Туркийн бөхийн эцэг” гэгддэг Яшар Догу 1961 оны нэгдүгээр сарын 8-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр убых үндэстэн бөгөөд одоо энэ үндэстэн байхгүй, ихэнх нь Кавказын дайнд амиа алдаж, үлдсэн нь эх орноо орхин одсон. Яшар Догугийн өвөг дээдэс Туркт очсон бөгөөд тэндхийн нэгэн жижиг тосгонд 1913 онд Яшар мэндэлжээ.

Яшар Догу 1948 оны Лондоны олимпод түрүүлсэн. Мөн 1951 онд дэлхийн аварга болж, Европын аваргын гурван алтан медальтай.

Тэрээр амьдралынхаа сүүлийн мөч хүртэл Туркийн шигшээ багийг дасгалжуулж байлаа. Түүний үед Туркийн шигшээ баг ЗХУ-ын хүчирхэг багтай эн тэнцүү өрсөлддөг байсан. Ялагдашгүй Мустафа Дагистанлы, олимпын аварга Ахмет Билек, Исмаил Оган, Хамит Каплан нарын алдартнууд түүний шавь.

Яшар Догугийн дурсгалыг хүндэтгэхээр хамаатан садан, бөхийн хорхойтнууд, спортын салбарын зочид цуглаж, булшин дээр нь цэцэг тавин, мөргөл үйлдсэн байна.

Яшар Догугийн нэрэмжит тэмцээн энэ сарын 10-нд эхэлнэ. 48 дахь удаагаа явагдах тус тэмцээн Туркийн хамгийн том, алдар хүндтэй тэмцээн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top