Мэргэжлийн сүмогийн Нарүто дэвжээний бөх Мотобаяаши энэ тэмцээнд макүшитагийн зүүн жигүүрийн 14-өөс барилдаж байгаа. Өчигдөр тэрбээр ахмад бөх Сагацүкасаг ялснаар мэргэжлийн сүмод орсноосоо хойш 22 дахь дараалсан ялалтаа авлаа. Мотобаяаши нэг ч өвдөг шороодоогүй байгаа билээ.
Киндай их сургуулиас мэргэжилд орсон Мотобаяаши 23 настай. Оюутны сүмод барилдаж байхдаа озэки Такакэйшёотой дөрөв таарч барилдан, 2 ялж, 2 унасан.
2019 оны долоодугаар сард анхны барилдаанаа хийж, жонокүчи зиндаанд 7 даваатай түрүүлсэн. Есдүгээр сард нь жонидан, 11 дүгээр сард санданмэд мөн өвдөг шороодолгүй долоо даван түрүүлээд байгаа.
22 даваагаар тэр мэргэжлийн сүмод орсноосоо хойш хамгийн олон дараалан ялсан бөхчүүдийн жагсаалтын 3-т бичигдэн, Токитэнкүтэй зэрэгцэж эхэллээ.
Мэргэжлийн сүмод орсноосоо хойш хамгийн олон дараалан ялсан бөхчүүдийг одоо макүшитагийн 32-т барилдаж байгаа, комүсүби асан Жокорюү 27 даваагаар тэргүүлдэг. Араас нь комүсүби асан Итай, озэки асан Точиазүма нар 26 ялалттай, комүсүби агсан Токитэнкү, макүшита Матобаяаши хоёр 22, макүшита Кототэнзан, маэгашира Энхо нар 21 даваатай удаалдаг. Гэхдээ Точиазүма мэргэжлийн сүмогийн эхний гурван барилдаанд гэмтлийн улмаас барилдаагүй байдаг. Харин Кототэнзан хэмээх Жон Тента бол 21 дараалан ялаад мэргэжлийн сүмод нэг ч унаагүй хэвээр сүмо бөхийг орхин одсон. Сүмо бөхөд дасаагүйгээс гадна шивээсээ заавал арилга гэсэн шаардлагатай тулгараад орчуулагч бүсгүйгээ дагуулаад дэвжээнээсээ оргосон түүхтэй. Дараа нь прорэслингэд шилжсэн билээ.
Мотобаяаши Хацү башёд нэг ч уналгүй макүшитад түрүүлбэл 28 даваатай болж, энэ чансааг тэргүүлэх болно. Мөн дөнгөж дөрвөн тэмцээнд ороод жюүрёод дэвшиж, шинэ рекорд тогтоох юм. Гэхдээ тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Дараалсан ялалтын рекордын талаар огт бодохгүй байгаа. Киндай их сургуулийн Асаноямаг хүндэлдэг. Оюутан цагтаа гар зөрүүлж явсан Тайкакэйшёог хурдан гүйцэхийн төлөө барилдана” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
БАтсуурь аваргын юу нь вэ?\n
БАтсуурь аваргын юу нь вэ?\n