УИХ-ын гишүүд 29 улсын парламентын гишүүдтэй хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австрали Улсын нийслэл Канберра хотноо болж байна. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцож байгаа юм.

Чуулган тус бүс нутгийн “Парламент хоорондын 2020 он болон цаашдын түншлэл” ерөнхий сэдвийн дор болж байгаа бөгөөд гишүүн ба ажиглагч 29 орноос албан ёсны 150 шахам төлөөлөгч, албаны 180 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Их Хурлын дарга болон гишүүд Улс төр, аюулгүй байдлын асуудал, Эдийн засаг, худалдааны асуудал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн 3 үндсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлжээ.

Эдгээр үндсэн хэлэлцүүлгээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод парламентын үүргийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон боловсрол, инноваци, технологийн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах, худалдаа, эдийн засгийн хөгжлийн байгууллагуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн соёлын олон янз байдал, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Чуулганы төгсгөлд Тогтоол болон Хамтарсан тунхаглал баталж, гишүүн орнууд гарын үсэг зурах юм. Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид чуулганы хэлэлцүүлэг, Гүйцэтгэх хороо, Ажлын хэсгүүдийн хуралдаанд оролцохын зэрэгцээ хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top