“2021 оны жүдо бөхийн ДАШТ Узбекистаны Ташкент хотод болно” гэж Олон улсын жүдо бөхийн холбооны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өчигдөр /2020.01.15/ Ташкентэд ҮОХ-ны байранд IJF холбоо Узбекистаны жүдогийн холбоотой ДАШТ-ийг зохион байгуулах гэрээ байгуулах ёслол болж, талууд гарын үсэг зурлаа. Ирэх жилийн дэлхийн аваргын тэмцээнийг анх удаа Олон улсын харааны бэрхшээлтэй иргэдийн спортын холбоотой хамтран зохион байгуулах юм.
Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер “Энэ ДАШТ жүдо бөх болон Узбекистан улсыг дэлхийн тавцанд харуулах сайхан боломж болно. Энэ том арга хэмжээ дэлхийн дахинд залуучуудад спортоор, жүдо бөхөөр хичээллэх урам зориг өгнө гэдэгт итгэж байна” гэж хэллээ.
Узбекистаны жүдогийн холбооны тэргүүн Азиз Камилов “Манай холбоо жүдо бөхийн олон том тэмцээн, Гран Приг зохион байгуулж байсан. Ирэх жилийн ДАШТ ч түүхэн дэх хамгийн шилдэг тэмцээний нэг болох болно” гэж хэвлэлийн бага хурал дээр ярилаа.
Ташкент хот 2013 оноос эхлэн жил бүр Гран При тэмцээнийг хүлээн авч байгаа.
Сэтгэгдэл ( 0 )