Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын хэргэмийн төлөө тулалдаан Хятадын Шанхай, Оросын Владивосток хотуудад өрнөж байна. Дэлхийн аварга цолыг эзэмшигч Хятадын Цзюй Вэньцзюнь цол горилогч ОХУ-ын Александра Горячкина нар Шанхайд болсон зургаан өргөө тэнцээгээр өндөрлүүлээд одоо ОХУ-д ирээд байгаа билээ.
Шанхайд болсон цуврал тоглолтын ерөнхий шүүгч нь Ираны Шохре Байят байлаа. Шохре 32 настай. Ираны домогт шатарчин бөгөөд Азийн анхны болон цорын ганц олон улсын А зэрэглэлийн шүүгч эмэгтэй юм. Харин тэр Иран орондоо харихгүйгээр шийджээ.
Шанхайд болсон тэмцээний үеэр Байятын толгойн алчуур нь доош буусан гэрэл зураг хэвлэлээр гарсан. Иранд тэр зураг том шуугиан дэгдээж, Байятыг исламын шашны ёс заншлыг дагасангүй гэсэн шүүмжлэл эхэлсэн юм. Шүүмжлэл гэхээсээ илүү “захиалгатай ан” байлаа. Одоо Иранд засгийн газрын эсрэг жагсаал цуглаан болж байгаа. Тиймээс шүүгч эмэгтэйг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэн, сайн дураар алчуураа буулгаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэж үзжээ.
Байятад Ираны шатрын холбооноос захидал ирж, Иран улсынхаа өмнө уучлал гуйхыг шаардсан байна. Харин Байят хариуд нь Иранд очиход нь баривчлахгүй гэсэн баталгаа хүсжээ. Иранаас тийм баталгаа өгсөнгүй.
“Хэрэв эх орондоо харихад минь баривчлахгүй гэсэн баталгаа байхгүй бол би алчуур зүүсэн, зүүгээгүй ямар ялгаа байх вэ” гээд Шохре Байят алчуур дахин зүүгээгүй.
Мөн гадаадын хэвлэлд ярилцлага өгсөн байна.
-Тэмцээний хоёр дахь өдөр алчуур буусан байсныг би анзаараагүй. Харин гурав дахь өдөр нь Ираны хэвлэлээр энэ талаар гарч эхэлсэн. Алчууртай зураг зөндөө байсан ч тэд зөвхөн ганц зураг л яриад байлаа. Ингээд би дахиж алчуур зүйхгүй байхаар шийдсэн. Хэн ч надтай яриагүй байж, намайг Иранд харихгүй гэж бичсэн байлаа.
-Ираны шатрын холбооны албаны хүмүүс тантай холбогдоогүй хэрэг үү?
-Би өөрөө тэдэнтэй холбогдож, Ираны Спортын яамтай холбож өгөхийг хүссэн. Би тэднээс Иранд харихад аюулгүй байна гэсэн баталгаа захидал илгээхийг хүссэн. Гэвч тэд баталгаа өгөхөөс татгалзсан учир би байдлыг юу ч өөрчилж чадахгүй юм байна гэдгийг эргэлт буцалтгүй ойлгосон. Буцах зам надад байхгүй.
Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) тэргүүн Аркадий Дворкович Шохре Байятын шийдвэрийг хувь хүний асуудал гэж нэрлээд энэ хэрэгт хөндлөнгөөс оролцоагүй гэж мэдэгдсэн. Харин тус холбооны дэд ерөнхийлөгч Найжел Шорт энэ асуудлыг манай холбоо хэлэлцэх болно, ОУОХ ч байдлыг байнга хянаж байгаа гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мөн Моллай Сайдыг “ад үзсэн” Ираны жүдо бөхийн холбооны олон улсын гишүүнчлэлийг зогсоосныг дурдаад Иран улсыг ОУОХ-ноос хасах шийтгэл ч хүлээж магадгүй гэж онцолсон байна.
Ираны шатарчид бөхчүүдийнхээ нэгэн адил Израилын шатарчидтай тоглодоггүй. Учраа таарах болгонд эмнэлгийн баримт үзүүлээд татгалздаг. Шведэд болсон Рилтоны цомын тэмцээнд 17 настай Ариана Голами Израилын шатарчинтай тоглохоос татгалзаад түрүүлэх боломжоо алдсан. Түүнийг эх оронд нь үндэсний баатар мэт хүлээн авч байлаа.
Мөн Сиджест болсон шатрын наадам дээр Ираны Табатабаи Израилын Идо Горштейныг ялж, түрүүлсэн.
“Тэр эх орондоо хариад хэвлэл мэдээллээр уучлал гуйж, израилчуудыг муулсан. Өрсөлдөгчөө Израил улсын иргэн гэж мэдээгүй гэж ярьсан. Түүний уучлалыг Спортын яам хүлээн авч байсан” гэж Шохре Байят ярьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
лалын дуракууд руу буцаж очиж яадгийм, Шохрэ, өндөр боловсролтой, чадалтай, тэмцэгч эмэгтэйд ажил хаана ч олдноо, Оросдоо үлдэчихээ