Видео: Дэванорюү Т.Тэмүүлэн “аймхай сүмоч”-ийг яллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Энэ тэмцээнээс эхлэн барилдаж байгаа манай шинэ бөх Дэваноүми дэвжээний Дэванорюү хэмээх Т.Тэмүүлэн жонокүчи зиндаанд 2 даваа, нэг унаатай явж байна.

Т.Тэмүүлэн 18 настай, өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмогийн залуучуудын ДАШТ-ий үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртсэн залуу.

Дэванорюү эхний өдөр Нихонянагид өвдөг шороодсон ч Хатторизакүра, Ивата нарыг дараалан ялсан.

Хатторизакүра нь хоёр жилийн өмнө сүмогийн ертөнцийг гайхуулсан “аймхай сүмоч” билээ. 2016 оны Намрын тэмцээнд тэрбээр Кинжёод гурван удаа өөрөө унаж, ялагдах гэж илт оролдоод байсан юм. Эхний удаад тачиай дээр санаатайгаар хоёр гараа дохёнд хүргэж, ялагдах гэсэн боловч засуул дахин барилдуулах шийдвэр гаргасан. Хоёр дахь удаад бүр хошин шогийн үзүүлбэр шиг юм болсон. Тачиай дээр мөргөлдөлгүй урагш албаар сунан унасан Хатторизакүраг засуул бас л ялагдсан гэж тооцсонгүй. Яаж ч унаад ялагдаж чадахгүй нь гэж бодсон Хатторизакүра гурав дахь удаад арагшаа унаж үзлээ. Бөгсөөрөө дохён дээр унаад засуулыг горьдсон харцаар харсан ч бас л бүтэлгүй. Ялагдах гэж ийм их зүтгэдэг бөх сүмогийн түүхэнд гарч байсангүй. Үзсэн хүмүүс нүдэндээ итгэхгүй байсан гэдэг. Засуул барилдааныг үргэлжлүүлсэн тул эсэргүүцэл үзүүлэлгүй түлхүүлээд дохёноос гарч, нэг юм санаа нь амарч байлаа Хатторизакүра.

2015 онд мэргэжлийн сүмод орсон Хатторизакүра одоо жонокүчигийн 27-д бичигдэж байгаа. Таван жил өнгөрсөн ч зиндаа ахих битгий хэл энэ хугацаанд 3 давж, 175 унажээ. Эхний даваагаа 2016 оны тавдугаар сард авсан бол дараа нь хоёр жилийн дараа 2018 оны Нагояд, сүүлийн даваагаа 2019 оны нэгдүгээр сарын башёд авчээ. 21 настай, 70 кг, 180 см өндөр.

Дэванорюү, Хатторизакүра нарын барилдаан мэдээж Т.Тэмүүлэнгийн ялалтаар өндөрлөсөн.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bud (172.58.45.100) 2020 оны 01 сарын 19

Naad chini zohion baiguulalttai hoshin uzuulber uim bishuu. Uzegchdiig hugjuuh zorilgotoi.

1  |  0
dash(68.226.67.57) 2020 оны 01 сарын 18

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk huurhii kkkkkkkkkkkkkkkkk

0  |  0
Top