Херб Дин: Шүүгч хүн тамирчны эрүүл мэндийг хамгийн түрүүнд бодох ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Холимог тулааны шилдэг шүүгчдийн нэг Херб Дин монголчуудын эчнээ танил нэгэн. UFC холбооны шилдэг шүүгчдийн нэг тэрбээр өчигдөр Конор МакГрегор, Дональд Серроне нарын тулааныг шүүсэн билээ. Өөрөө холимог тулаанч байсан тул Дин тулааныг маш мэдрэмжтэй шүүдэг, тиймээс түүнийг хамгийн хариуцлагатай тэмцээнд томилдог юм.

Ингээд Херб Диний Оросын хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 


-Та есөн наснаасаа тулааны урлагаар хичээллэж эхэлсэн гэсэн. Юу таныг энэ спортод хөтлөв?

-Багадаа найзуудтайгаа хамт күнфүгийн кино үзээд л дурласан. Хүүхдүүд каратэ болж тоглож байхад харин би жинхэнээсээ зодолдож сурахыг маш их хүсэж байв. Аавын найзууд дунд тулааны урлагийн мастерууд байсан тул би анхныхаа хичээлийн тэднээс авсан.

-Хамгийн анхны төрөл?

-Күнфү. Хөгжилтэй сайхан байсан. 15 настайгаасаа боксоор хичээллэж, 18 настайдаа кикбокст орсон. Том болоод жүдо, жижиүцүгээр хичээллэж эхэлсэн. Брюс Ли, Ройс Грейсиг шүтдэг байлаа.

-Таныг анх эхэлж байхад холимог тулаан хууль бус байсан.

-Тийм ээ, бид тулааны тэмцээн зохион байгуулахдаа АНУ-ын уугуул иргэд болох индианчуудын нутаг дэвсгэрт хийдэг байлаа. Учир нь тэнд өөрийн хуультай. Калифорнид холимог тулааныг хориглосон байсан. Манай багш шүүгч болоод бид туслахаар нь ажилладаг байв. Тамирчдыг хориотой зүйл хийхээс нь сэргийлнэ.
 


-Хориотой гэхээр?

-Тамирчид бээлий дотроо хүнд зүйл, зарим нь хурц шөвөг хүртэл нуудаг байсан юм. Хянах хүн цөөхөн учир маш анхааралтай байхгүй бол болохгүй. Маш олон юм илрүүлэн хурааж байлаа.

-Цагдаа нартай асуудал үүсэж байв уу?

-Индианчуудын нутагт тэмцээн хийж байхад хэн ч биднийг оролддоггүй байсан. Харин бид нөлөөгөө нэмэгдүүлэхээр хотод тэмцээн зохион байгуулж эхэлтэл цагдаа нар ирээд баривчилсан.

-Шүүгчийн ажлын хамгийн сайхан зүйл юу вэ?

-Би холимог тулаанд хэт хайртай тул энэ спортод байхын тулд юу ч хийхэд бэлэн. Тамирчин, шүүгч биш гэхэд сандал, ширээ зөөгөөд явж байхад ч бэлэн байна. Бүх амьдралаа зориулсан ч яах вэ. Анх тэмцээн шүүж эхлэхдээ би “Шүүлт гэдэг бол нэг талаас тамирчдын мөрөөдөл, замнал, нөгөө талаас тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг аль алийг нь тэнцүү авч үзэх явдал юм” гэдгийг ойлгосон. Би энэ ажилдаа маш нямбай ханддаг.

-Таныг тулалдаж байх үед холимог тулаан ажил мэргэжил биш байсан. Амьдралаа яаж залгуулж байв?

-Янз бүрийн л ажил хийж байлаа. Хэцүү, сахилгагүй хүүхдүүдтэй ажилладаг байсан. Тэднийг хүмүүжүүлнэ. Аав, ээжтэйгээ муудалцсан хүүхдүүдийг эвлэрүүлэх гэх мэт.
 


-Тулааны урлаг зааж байсан уу?

-Цагдаагийн газартай хамтран, хүүхэд багачуудад тулааны урлаг зааж сургах төсөл дээр ажиллаж байсан.

-Хийж байсан хамгийн хачирхалтай ажлаа дурдаач.

-Миний нэг найз эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнийг хайж олох ажил хийдэг байлаа. Түүнд тусалж, хамт явдаг байсан.

-Холимог тулааны шүүгчийн алдаа тамирчны амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой.

-Мэдээж.

-Гэхдээ тамирчид өөрсдөө эрсдэлд орохыг хүсэх үе байдаг. Мераб Двалишвили гэхэд боолгочхоод бууж өгөхийг хүсээгүй. Энэ тохиолдолд шүүгч яах ёстой вэ?

-Энэ бол манай ажлын хамгийн хүнд хэцүү хэсэг. Тулаанчид ялахын тулд маш их зүйл золиосолж, бэлтгэл хийсэн байдаг. Тийм болохоор ялахын тулд буруу шийдвэр гаргадаг. Энэ үед би зогсоох үүрэгтэй. Тэднийг өөрсдийг нь аврахын тулд шүү дээ. Боолгоход тамирчин ухаан алдаж болно. Өчүүлбэл хүнд гэмтэнэ. Хэрэв тамирчин гэмтсэн бол би дахиад гэмтэхээс нь өмнө зогсоох ёстой. Дараалаад цохиулаад байгаа тулаанч байлаа гэхэд би “Залуу минь, чи тулалдах чадваргүй болжээ. Би чамайг улам хүнд гэмтэхээс өмнө зогсоох ёстой” гэж хэлэх үүрэгтэй.
 


-Та орос гэргийтэй. Гэргий тань танд орос соёл, уламжлал заах гэж оролддог уу?

-Тиймээ. Саяхан бид хамтдаа “Бригада” кино үзсэн. Заримдаа надад орос хоол хийж өгдөг. Хашаандаа орос маягаар шорлог хийнэ.

-Мэддэг орос үг?

-Би эелдэг байхыг хүсдэг болохоор спасибо, пожалуйста гэсэн үг л сурсан. Мэргэжлийн бас хэдэн үг бий.

-Хабиб Нурмагомедов нэг ч ялагдалгүй зодог тайлж чадах болов уу? Та юу гэж бодож байна?

-Би яаж мэдэх билээ. Хабиб хэзээ зодог тайлахаа зарлаагүй байгаа шүү дээ. Мэдээж би шилдэг тамирчны тулаан үзэх дуртай. Гэхдээ хэрэв чи шүүгч бол энэ залуу нэг ч ялагдаагүй байгаа гэх мэт зүйл бодож болохгүй. Өрсөлдөгчдийн хэн нь ч ялж болно.

-Хабиб, Конорын хэрүүл маргааныг тэмцээндээ хүмүүсийн сонирхлыг татахын тулд зориуд зохион байгуулсан гэж ярьдаг.

-Мэдэхгүй. Би тийм хуйвалдааны гэрч биш болохоор хэлэх юм алга. Миний ажил бол торны гадаа болж байгаа хэрүүл маргаан, шуугиан дуулианд автахгүй байх. Дэвжээн дээр юу болж байгааг л анхаарч шүүх нь миний ажил. Бөхчүүдийн урьд өмнөх хэрүүл маргаан, түүх огт хамаа байхгүй.

-Оросууд холимог тулаанд дуртай. Харин прорэслинг шиг жүжигт дургүй. Та энэ талаар юу боддог вэ?

-Надад ч таалагддаггүй, гэхдээ прорэслингт дуртай хүмүүс байгаа. Хүн болгон өөрийн сонирхолтой. Хүндлэх хэрэгтэй.

-Холимог тулаанаас прорэслингт шилжсэн тамирчид арагш ухарсан гэсэн үг үү?

-Үгүй, зүгээр л өөр төрөлд шилжсэн гэсэн үг. Мэргэжлийн бөх буюу прорэслингт тулалдах хэцүү. Би Японд тэдэнтэй хамт бэлтгэл хийж үзсэн. Маш хүнд хэцүү бэлтгэл хийдэг. Жинхэнэ тулаан ч хийнэ. Рингэнд сүртэй унадаг нь шоу байж болно. Гэхдээ тэгж унаж бас хүн болгон чадахгүй шүү дээ. Тэдний хийж байгаа зарим мэхийг ямар ч холимог тулаанч хийж чадахгүй. Маш эрсдэлтэй спорт.

-Тэгвэл прорэслингээс холимог тулаанд орж ирсэн тамирчдын талаар?

-Маш зоригтой байна гэж хэлнэ. Би Брок Леснарыг хүндэлдэг. Шон Карвинтай тулалдахдаа тэр бараг ялагдаж байгаад ялсан. Прорэслингийн тамирчид холимог тулаанд ирээд ялагдахаар нэр хүндээ алдана гэж айдаг. Харин Брок айгаагүй.

-Чейл Соннен Японы PRIDE холбооны тулаануудыг найраа, жүжиг гэж шүүмжилсэн байсан. Холимог тулаанд найраа хийж болох уу?

-Мэдээж болно. Би тийм сэжигтэй тулаан үзэж байсан, шүүж ч байлаа.

-Шүүж дуусан хойноо найраа гэдгийг нь мэдсэн хэрэг үү?

-Шүүж байхдаа л би “Энэ залуус шударга бус тулалдаж байна даа” гэж бодож байлаа. Дараа нь энэ тухайгаа дарга нарт илтгэсэн. Холимог тулаанд найраа байж болохгүй.  PRIDE холбооны хувьд сэжигтэй зүйл би олж хараагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top