“СУПЕР БОУЛ”-д тоглох багууд тодорлоо

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

2020 оны хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Флорида мужийн Майами хотноо, “Хард рок” цэнгэлдэхэд болох Америкийн үндэсний хөлбөмбөгийн “Супер боул” аваргын төлөө тоглох багууд өнөөдөр тодорлоо. NFL-ийн 100 дахь улирал, орчин цагийн 50 дахь аваргын төлөө тоглолт, 54 дэх “Супер боул”-ын финалд “Сан Франциско форинайнерс”, “Канзас Сити Чифс” багууд өрсөлдөх боллоо. Өнөөдөр болсон конференцийн аваргын төлөө тоглолтод “49-чүүд” “Грин Бэй пэкерз”-ийг 37-20, харин “дарга нар” “Теннесси Тайтенс”-ийг 35:24-өөр хожив.

“Сан Франциско” долоо дахь удаагаа Супер боулын төлөө шалгарч буй нь энэ бөгөөд зургаан удаа аварга болж байсан бол “Канзас Сити” гурав дахь удаагаа шалгарч байгаа бөгөөд өмнө нь нэг удаа аварга болж байсан түүхтэй.

Спортын ертөнцөд ашиг орлого, сүр дуулиан, нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпын наадам, хөлбөмбөгийн ДАШТ-тэй дөхөж очдог америк хөлбөмбөгийн “ Супербоул”-ын тоглолтыг энэ жил FOX суваг ТВ шууд дамжуулан үзүүлэх бөгөөд тоглолтын дундуур гарах 30 секундийн зар сурталчилгааны төлбөр нь гэхэд 5,6 сая ам.доллар ажээ. Үзэгчдийн ихэд хүлээдэг Супербоулын тоглолтын завсарлагаагаар болдог шоуд энэ жил алдарт Женнифер Лопес, Шакира нар оролцох бол тоглолтын өмнө эгшиглэх АНУ-ын төрийн дууллыг Дэми Ловата дуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top