Монголын сүмоч Араваши Э.Дөлгөөн өнөөдөр зодог тайлснаа зарлаж, Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
2002 оны арваннэгдүгээр сард "Арайсо" дэвжээнээс анх мэргэжлийн сүмод барилдсан. 2014 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж, Монголын 21 дэх дээд зиндааны бөх болж байлаа.
Хамгийн дээд цол нь маэгаширагийн 2. Мэргэжлийн сүмод нийт 493 даваа, 461 унаатай. Дээд зиндаанд 21 башё барилдахдаа 138 давж, 173 унаж байв. 3 кинбошитой. Зүүн өвдөгний бэртлийн улмаас 2019 оны есдүгээр сард макүшитад унаж, Кюүшюү, Хацү башёд барилдаагүй. Энэ тэмцээнд банцүкэ нь макүшитагийн барууны 48-д бичигдэж байлаа.
Араваши хэвлэлийн хурал дээр 17 жилийн сүмо бөхийн амьдралаа дүгнэн “Харамсах зүйл байхгүй. Ямар ч гэсэн хичээн зүтгэж, хэмжээндээ барилдаж чадсан. Хоёр жилийн өмнөөс архаг гэмтлийн улмаас бэлтгэл ханатлаа хийж чадахгүй болсон. Өвдгөндөө мэс засал хийлгэсэн ч өвчин нь арилсангүй. Хацү башё эхлэхээс өмнө зодог тайлах талаар бодож, багштайгаа зөвлөсөн. Хамгийн дурсгалтай барилдаан бол 2014 оны Нэгдүгээр сарын тэмцээний 14 дэх өдөр Тамаасүкаг давж, жюүрёод анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн барилдаан. Давчихаад хувцас солих өрөөнд ороод асгартал уйлж байснаа санаж байна. Цаашдаа юу хийхээ дараа нухацтай бодно. Одоо юуны өмнө сайхан амармаар байна” гэж ярьжээ
Аравашигийн зодог тайлах ёслол тавдугаар сарын 31-нд Кокүгикан ордонд болно.
Сэтгэгдэл ( 0 )