Токүшёорюү: Би түрүүлж болох юм уу гэж эргэлзсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Энэ жилийн Хацү башёд маэгаширагийн хамгийн сүүлийн бөх Токүшёорюү түрүүлж, аваргуудын эзгүйг ашиглаж чадвал, ямар амжилтад хүрж болохыг харуулсан билээ. Тэр дахиад түрүүлэхгүй байх, гэхдээ ямар ч гэсэн нэрээ Эзэн хааны цом хүртсэн бөхчүүдийн жагсаалтад мөнхлөн үлдээлээ.
 


Түүний NHK телевизэд өгсөн түрүү бөхийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 

-Дээд зиндааны хамгийн доод талд бичигдэж байхдаа түрүүллээ.

-Хамгийн сүүлд байхад алдах, айх ч юм байхгүй. Зоригтой сайхан барилдъя гэж бодож байлаа.

-Түрүүлэхийн төлөө өрсөлдөж байхад тань эргэн тойрны хүмүүс яаж хүлээж авч байв?

-Түрүүлэх талаар огт бодоогүй. Худлаа худлаа. Үнэндээ бол ганц энэ талаар л бодож байлаа.

-Сүүлийн өдөр озэки Такакэйшёотой таараад юу бодож байв?

-Тачиай дээр зоригтой, шууд мөргөлдөх хэрэгтэй гэсэн ганц зүйл бодогдож байсан.

-Ер нь башёд түрүүлнэ гэж бодож байв уу?

-Илүү дутуу юм бодолгүй барилдахыг хичээж байлаа.
 


-Эзэн хааны цом хүртэхэд тус дэмжлэг болсон зүйл?

-Тэмцээний дундуур Кинки их сургуулийн дасгалжуулагч Ито Кацүто багш минь зуурдаар нас нөгчсөн. Багш маань дохён дээр надтай хамт тулалдсан гэж бодож байна.

-Тэнгэрийн оронд байгаа Ито багшдаа хэлэх үг.

-Амжилттай сайн барилдлаа гэж багшдаа хэлэх сэн гэж үргэлж боддог байлаа. Үүний төлөө хичээн зүтгэдэг байсан. Эргэлзэж тээнэгэлзэх үед багшийн царай нүдэнд харагдаж, улам хичээх хүсэл төрдөг байсан.

-Нара мужаас 98 жилийн дараа түрүү бөх төрлөө.

-Айхтар том зүйл хийчихлээ гэх үү дээ.

-Одоо 33 настай, удахгүй 34 нас хүрнэ. Сүүлийн үед олон шинэ залуучууд гарч ирж байна.

-33 нас хүрчихлээ гэж биш дөнгөж 33 настай гэж бодон барилдах болно.

-Дээд зиндаанд эргэн дэвшээд түрүүллээ. Дараагийн зорилго?

-Хүрж чадах газартаа хүрэхийг хүсэж байна.

-Өнөөдөр Бөхийн ордонд ирсэн ээждээ зориулаад.

-Ичиж зовоод хэлдэггүй ч гэсэн Аав, ээждээ хайртай шүү, намайг төрүүлж өсгөсөнд баярлалаа.
 


Наадмын түрүү бөх маргааш өглөө нь дэвжээн дээрээ мөн хэвлэлийн бага хурал хийлгэдэг уламжлалтай. Кисэ дэвжээнд өнөөдөр өглөө болсон ярилцлагыг сонирхъё.

-Өчигдөр урьд өмнө үзэж байгаагүй үдшийг өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

-Зүүд юм шиг л. Одоо ч би түрүүлсэн гэж үү гэж бодогдсоор байна.

-Хэдэн цагт унтав?

-Уг нь нойрондоо сайн ч өчигдөр шөнө огт унтаж чадсангүй. Түрүүлсэндээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Сүүлийн өдөр болтол дандаа маэгаширагуудтай барилдсан болохоор бага зэрэг санаа зовох юм.

-Гэхдээ сүүлийн өдөр озэкитэй барилдсан.

-Макүүчигийн хамгийн доод бөх озэкитэй барилдана гэдэг нэр төрийн хэрэг. Яаж барилдахаа тооцоолж, бэлтгэсэн байлаа. Шёодай давж байхыг хараад ялсан ч, ялагдсан ч өөрийнхөөрөө барилдъя гэсэн хүсэл улам ассан. Башёгийн хамгийн сүүлд барилдана гэж бодоогүй болохоор гайхсан. Такакэйшчо озэкид сэтгэл зүйгээр ялагдахгүй гэж хичээсэн.
 


-Даваад уйлсан.

-Дотор хуримтлагдаж байсан бүх юм сад тавьсан даа. Одоо бодоход хэт их уйлсан юм шиг. Баярлах сэтгэлийн хажуугаар энэ 15 хоног ямар хэцүү байснаа бодоод. Гэхдээ банцүкэ доогуур хүн барилдахад сэтгэл амар. Харин өндөр цолтой бөхчүүд надад ялагдахгүй юмсан гэж бодож байсан нь гарцаагүй. Дараалан хэд ялж байгаагаа огт бодоогүй. Өдөр өдрийн барилдаандаа анхаарч байлаа. Заримдаа тэмцээний хэд дэх өдөр гэдгийг мартчихаад сэтгүүлчдээс асуудаг байсан. Урьд нь өөрийгөө түрүүлэх битгий хэл тусгай шагнал ч авахгүй бөх юм даа гэж боддог байсан болохоор их баяртай байна.

-Яагаад тэгж боддог байв?

-Үнэндээ би тийм хүчтэй бөх биш. Бэлтгэлдээ хичээж зүтгэлээ ч бусад бөхчүүд надаас илүү бэлтгэл хийсэн байдаг. Манай дэвжээнд макүшитагийн хүчтэй бөхчүүд бий. Тэдэнтэй бэлтгэл хийсний ач тус гарсан.  

-Дараагийн тэмцээн танай нутагт болно.

-Сайн барилдахгүй бол хүмүүст шүүмжлүүлэх тул улам хичээх ёстой. Нутгийн олныхоо дэмжлэгийг сонсмоор байна.

-Хаврын тэмцээний зорилго?

-Одоо юуны өмнө сайхан амармаар байна. Хаврын тэмцээний зорилгоо дараа бодно.
 


-Таныг гэмтэл, бэртэл гэж гомдол гаргадаггүй бөх гэж ярьдаг.

-Хүнд өвчин зовлонгоо ярих дургүй гэх үү. Ярилаа ч эдгэхгүй болохоор хэлээд байх хэрэг байхгүй шүү дээ.

-Таны хүчтэй тал?

-Хүчтэй тал байхгүй дээ. Гол нь хамаг чадлаараа хичээж зүтгэдэг. Өдрийн барилдаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Энэ л байх шив дээ.  

-Одоо юу хиймээр байна?

-Халуун рашаанд орж, сайхан амрах хүсэлтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бөх үзэгч(103.212.119.167) 2020 оны 01 сарын 28

ашгүй гэж болохгүй, дараагийн монгол аварга хаана явна вэ, гэхдээ баяр хүргэх ёстой.

0  |  0
бөх үзэгч(103.212.119.167) 2020 оны 01 сарын 28

ашгүй гэж болохгүй, дараагийн монгол аварга хаана явна вэ, гэхдээ баяр хүргэх ёстой.

1  |  0
Ахмад(202.9.40.6) 2020 оны 01 сарын 27

Жинхэнэ япон царайтай аятайхан залуу билээдээ. Баяр хургэе.

0  |  0
Top