“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При” тэмцээн нэгдүгээр сарын 23-26-нд Красноярск хотод боллоо. Энэ тэмцээнд оролцохын тулд дэлхийн олон сайн бөхчүүд Италийн Ромд болсон дэлхийн чансаа олгох тэмцээнийг өнжсөн юм. Оны эхээр болдог “Алтан Гран При”-д амжилттай барилдвал тэр жилдээ өнгөтэй сайхан барилддаг гэсэн үг ч бий.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож байна. Энэ жилийн 31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзлээ. “Алтан Гран При”-д зодоглох монгол бөхчүүдийн 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд байлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлсэн.
“Бага дэлхийн аварга”-д эрчүүд тааруухан оролцож, харин эмэгтэйчүүд тун сайн барилдлаа.
Эрчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 65 кг-ын жингийн ОУХМ Б.Нямдорж. Манай бөх Дагестаны Курбан Шираевт ялагдсан ч дагах барилдаанд Казахстаны Рифат Сайботаловыг 4:1-ээр, Чечений Ислам Дудаевыг цэвэр, Хойд Осетийн Артур Бадтиевыг 4:3-аар ялаад, хүрэл медалийн Тувагийн Начын Кууларт 1:4-өөр ялагдлаа.
Харин эмэгтэйчүүд “Алтан Гран При” тэмцээнээс одоогийн байдлаар 3 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор түрүүллээ. Тэрбээр тэгшитгэлд Беларусын Анастасия Гучок, 1/4 шигшээд ОХУ-ын Валерия Дондупова, хагас шигшээд Казахстаны Мадина Бакбергенова, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялснаар тус тэмцээний хошой аварга болов. Б.Шоовдор одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд Красноярскийн дэвжээнд аваргалж байсан бөгөөд “Алтан Гран При”-д хоёр болон түүнээс дээш түрүүлсэн Монголын гурав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин П.Орхон гурав (2016, 2017, 2018 он) гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр удаа (2015, 2019) түрүүлж байв.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн финалд Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн гэсэн хоёр монгол бөх шалгаран үлдсэн. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд Ө.Пүрэвсүрэн нь ялж байлаа. Харин энэ удаад “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа даагаа нэхэж, анх удаа “Алтан Гран При”-д түрүүллээ. Ө.Пүрэвсүрэнгийн хувьд мөн анхны медалиа авч байгаа нь энэ.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ц.Намуунцэцэг алтан медаль хүртлээ. Манай бөх 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд ОХУ-ын Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан. Шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв. Ц.Намуунцэцэг түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд даагаа сайхан нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай тамирчид гурван медаль авсан. ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа мөнгө, ОУХМ Бат-Очирын Болортуяа, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хоёр хүрэл медалийн эзэн боллоо. “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа шигшээ барилдаанд Японы Үми Имаид 2:7-гоор ялагдсан.
“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Александра Скиренког, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Отгонжаргал Узбекистаны Актенге Кеунимжаеваг ялав. Тус тэмцээнээс Э.Сумъяа тав, Б.Болортуяа хоёр дахь, Г.Отгонжаргал анхны медалиа зүүлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ А.Батцэцэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Б.Хонгорзул нар хүрэл медалийн эзэн боллоо.
А.Батцэцэг Казахстаны Эмма Тиссинаг, Б.Хонгорзул Казахстаны Алтынай Сатылганыг ижил оноогоор цэвэр (11:0) ялав.
Красноярскийн тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, 72 кг-д дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан нар хүрэл медалийн эзэн боллоо.
О.Насанбурмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Евгения Захарченког оноогоор цэвэр (3:2), Э.Даваанасан эзэн орны Эльмира Халаеваг 3:2-оор тус тус ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс долоо дахь медалиа зүүж байгаа бол өнгөрсөн жил 68 кг-д үзүүрлэсэн Э.Даваанасан дээд жиндээ хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клуб, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Красноярскийн дэвжээнээс ийнхүү дөрөв дэх мөнгөн медалиа (2008, 2012, 2013, 2020 он) хүртэж байна.
О.Бурмаа шөвгийн наймд Казахстаны Гулмарал Еркебаеваг, хагас шигшээд Кристина Шумоваг тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны тус тэмцээний аварга БНХАУ-ын Ван Хуанд 5:7-гоор ялагдсан.
Тэрбээр нанхиадын бөхийг 5:2-оор илүүрхэж яваад барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж харамсалтай ялагдлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Baatarjaviin shoovdor heden jil hunii hoolruu ungulzuh yum bol uhamsriin doroitol eszuigui ger bul uimuulegch tsogbyartai zavhaairch yavsan daa ene temtseend