Энэ жил нээлтээ хийх 10 цэнгэлдэх хүрээлэн

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Жил бүр дэлхийн өнцөг булан бүрд хэдэн арван шинэ цэнгэлдэх хүрээлэн, хөлбөмбөгийн талбай нээгддэг. Ингээд энэ жил ашиглалтад орох арван шинэ цэнгэлдэх хүрээлэнг танилцуулж байна.

1. “Поль Бийя Стэдиум” – Яунде, Камерун

Камеруны шинэ цэнгэлдэх 60 мянган хүний багтаамжтай. 2021 онд Африкийн Цомын тэмцээнийг тус улс хүлээн авах билээ.

2. Кот-д’Ивуарын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн – Абижан, Кот-д’Ивуар

Бас нэгэн 60 мянган хүний багтаамжтай стадион. Кот-д’Ивуар энэ цэнгэлдэхээ 2023 оны Африкийн Цомын тэмцээнд зориулан барьж байгаа.

3. Стад Абделькадер Халеф – Тизи-Узу, Алжир

Харин 50776 үзэгчтэй энэ цэнгэлдэхийг Африкийн Цомд зориулж биш тус тэмцээнд түрүүлснийхээ дараа барьсан. Алжирчууд энэ тэмцээнд түрүүлсний дараа Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика “Кабили” багт шинэ цэнгэлдэх барих мөнгө гаргаж өгсөн. Энэ цэнгэлдэх баригдаж байгаа мужид  кабил үндэстэн амьдардаг. Зинедин Зидан кабил гэдгийг та мэддэг биз дээ.

4. SC Stadion – Фрайбург, Герман

“Фрайбург” баг сүүлийн үед өнгөтэй сайхан тоглож байгаа. Энэ жил Европын цомд орохын төлөө өрсөлдөж байна. Ийм багт орчин үеийн шинэ цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй. Одоогийн “Шварцвальд-штадион” 24 мянган хүний багтаамжтай бол шинэ цэнгэлдэхт 34700 үзэгч орно.

5. “Стяуа”-гийн шинэ стадион – Бухарест, Румын

Од хэлбэртэй энэ цэнгэлдэхийг хуучин стадионы газар дээр барьж байна. 30,5 мянган үзэгчийн багтаамжтай энэ талбай Евро-2020 тэмцээнд оролцох багуудын бэлтгэлийн талбай болох учиртай.

6. “Гюрсель Аксель”-ийн шинэ цэнгэлдэх – Измир, Турк

2017 онд барилгын ажил нь эхэлсэн энэ стадион 25 мянган хүний багтаамжтай. Гюрсель Аксель бол нутгийн багийн домог болсон ахлагч юм.

7. “Санга Стэдиум” – Киото, Япон

Японы “Киото Санга” баг хоёрдугаар лигт унаад удаж байгаа ч шинэ стадионтой болно.

8. “Локхарт Стэдиум” – Майами, АНУ

Дэвид Бекхэмийн шинэ баг “Интер Майами”-гийн цэнгэлдэх. Энэ жилээс МЛС-д орох зорилготой байгаа энэ баг удахгүй оддын цуглуулга болно гэсэн яриа бий. Тэгвэл 18 мянган хүний багтаамжтай шинэ цэнгэлдэх нь гологдож магадгүй юм.

9. “Брентфорд Коммьюнити граунд” – Лондон, Англи

“Брентфорд” баг одоо чемпионшипт тоглож байгаа. Гэхдээ удахгүй Премьер лигт дэвших төлөвлөгөөтэй. Тийм учраас 12 мянган хүний багтаамжтай хуучин “Гриффин Парк” цэнгэлдэхээ 17 мянган хүний багтаамжтай шинэ стадионоор сольж байна.

10. “Нью Плау Лэйн” – Лондон, Англи

“Уимблдон” багийн шинэ цэнгэлдэх есөн мянган хүний багтаамжтай. Жижигхэн мэт санагдав ч энэ багийн хуучин цэнгэлдэхэд дөнгөж 4000 хүн ордог байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top