Озэки Гоэйдо: Ояката болж, ёкозүна төрүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Энэ сарын 28-нд зодог тайлсан мэргэжлийн сүмогийн озэки Гоэйдо өнөөдөр “Кокүгикан” ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Сакайгава дэвжээний озэки Гоэйдо Хацү башёг таван даваатай өндөрлүүлж, цолоо алдсан. Ирэх Хаврын тэмцээнд сэкивакэ цолтой барилдаж, 10 давбал озэки цолоо буцаан авах ч барилдахгүйгээр зодог тайлахаар шийджээ.
 


-15 жил барилдаад зодог тайллаа. Сэтгэгдэл ямар байна?

-Бүх хүч чадлаа дуустал нь гаргаж чадсан гэж санагдаж байна. Сэтгэл хангалуун байгаа.

-Яагаад зодог тайлах болов?

-Хэдэн жилийн өмнөөс л озэки цолоо алдвал зодог тайлна гэж шийдсэн байсан. Өнгөрсөн тэмцээнд цолоо алдаад дахин сүмо барилдах хүсэл зориг алга болсон.

-Эргэлзэх сэтгэл төрөөгүй юу?

-Надад эргэлзээ төрөөгүй ч эргэн тойрны хүмүүс, ойр дотнынхон маань үргэлжлүүлэн барилд гэж ятгасан. Гэхдээ би зөрүүдэлсээр зодог тайлсан даа.
 


-Уг нь ирэх башё танай нутагт болох байсан.

-Нутгийнхаа дэвжээн дээр муу барилдаж, унаж байгаагаа тэдэнд харуулмааргүй байлаа.

- Хацү башёд хөл гэмтэлтэй байсан гэсэн.

-Дохён дээр гарсан бол барилдах ёстой. Барилдсан бол дараа нь шалтгаан тоочих ёсгүй.

-50 хувийн амжилт үзүүлэхгүй нь тодорхой болсон ч сүүлийн өдөр хүртэл барилдлаа. Уг нь зодог тайлах бөхчүүд тэмцээний голоос гарчихдаг.

-Ояката багш, дэмжиж ирсэн бүх хүмүүсийн төлөө үлдсэн гурав хоног үүргээ гүйцэтгэж барилдах ёстой гэж бодсон.

-15 жил сүмо барилдлаа. Эргээд харахад?

-Хувь заяаны ерөөлөөр Сакайгава дэвжээнд орсон. Багш маань мэндлэх хүндлэх ёс, хүн чанарыг дээдэлдэг хүн болохоор тэр талаас нь их юм суралцсан.

-Гэмтэл бэртэл их байлаа.

-Бөх хүнд гэмтэл гэдэг байдаг зүйл. Хэцүү юм, өвдөж байна гэж бодохгүйг хичээн барилддаг байсан.

-Хамгийн сэтгэлд үлдсэн зүйл?

-2016 оны Намрын тэмцээнд түрүүлсэн минь сэтгэлд хамгийн хоногшин үлджээ.
 


-Кадобан байхдаа 15 даваагаар түрүүлсэн.

-Хүн хичээж зүтгэхэд заавал үр дүн гарна гэж итгэн, барилдаж байсан.

-Хамгийн дурсгалтай барилдаан?

-Намрын тэмцээнд түрүүлэхээ шийдсэн тэр барилдаан. Озэки болсноосоо хойш хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байгаагүй болохоор түрүүлсэндээ их баярласан. Дэмжигчид минь надаас ч илүү баярлаж байлаа.

-Багшдаа хэлэх үг?

-Сакайгава дэвжээнд орсны ачаар илүү сайн хүн болж чадсан гэж боддог. Багш надад ояката хэцүү шүү, хичээгээрэй гэж хэлсэн. Багшийнхаа жинхэнэ эр хүний зан чанараас нь суралцах болно.

-Та цаашдаа өөрөө ояката болно.

-Би ёкозүна болж чадаагүй болохоор ёкозүна төрүүлэх зорилготой ажиллана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.142.73) 2020 оны 01 сарын 29

Mini I demjdeg. sumoch.

0  |  0
иргэн(192.82.74.178) 2020 оны 01 сарын 29

сайн бөх шүү, сайн ояаката болох байхаа.

1  |  0
Top