Өвлийн шилжилтийн цонхны 10 том наймаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Нэгдүгээр сарын 31-нд Англи, Испани, Итали, Герман, Францын хөлбөмбөгийн лигийн наймааны цонх хаагдлаа. Өвлийн наймааны цонх зуныхаа бодвол дуулиан шуугиан бага байдаг, энэ жил ч тэр уламжлалаа хадгалсан. Гэхдээ спорт сонирхогчдын анхаарлыг татсан арван том шилжилт болсон билээ.

Пако Алькасер - “Борусси” багаас “Вильярреал”-д

Дортмундын “Борусси” баг сэлгээнээс гарч, гоол хийхдээ гарамгай тоглогчоо 23 сая еврогоор зарлаа. Энэ мөнгө бол Паког авсан үнэтэй яг тэнцэж байгаа юм. Түүнийг 2018 оны наймдугаар сард хоёр сая еврогоор зээлээд, дараа нь 21 сая еврогоор худалдан авч байлаа. Өнгөрсөн жил багийнхаа гол тоглогч болоод байсан Пако энэ улиралд Бундеслиг, Аваргуудын лиг, цомын тэмцээнүүдэд дөнгөж 15 тоглож, долоон гоол оруулсан юм. Ганц жилийн өмнө сэлгээгээр гараад 10 гоол хийн, Бундеслигийн рекорд тогтоож байсан залуу эх орон Испанидаа буцлаа.

Стивен Бергвейн - “ПСВ”-ээс “Тоттенхэм”-д

“Тоттенхэм”-ийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо өвлийн наймаагаар худалдан авалт хийхгүй гэж ярьж байсан ч үнэндээ Жозе хэзээ ч хэн нэгнийг хямдхан авах наймаанаас буцаж байсан түүх байхгүй. Багийн гол довтлогч Харри Кейн хүнд гэмтсэний улмаас “Тоттенхэм” хүнд байдалд ороод байгаа. Бергвейнийг авахаар олон том баг хөөцөлдөж байсан ч Английн баг 30 сая еврогоор авч чадлаа. 22 настай голланд залуу энэ улирал “ПСВ” багийн төлөө 29 удаа талбайд гарч, зургаан гол оруулан, 13 оновчтой дамжуулалт өгөөд байсан юм.

Эмре Жан - “Ювентус”-ээс “Борусси”-д

Германы шигшээ багийн хагас хамгаалагч Жан Италийн “Ювентус”-ыг орхих нь өнгөрсөн намар тодорхой болсон байсан. Түүний нэрийг баг нь Аваргуудын лигийн мэдүүлэгтээ оруулаагүй байлаа. Дортмундын “Борусси” Жаныг улирал дуустал нэг сая еврогоор зээлсэн. Хэрэв талууд тохиролцвол ирэх зун 25 сая еврогоор бүр мөсөн худалдан авах үүрэг хүлээсэн. Жан энэ улирал найман тоглолтод л оролцсон. Жилийн цалин нь 10 сая евро.

Альваро Одриосола – “Реал”-аас “Бавари”-д

Европын тавцанд өрсөлддөг заналт хоёр дайсан гэж хэлж болох хоёр том баг. Нэг нь нөгөөдөө тоглогчоо ховорхон зарж байсан түүхтэй. Гэвч Испанийн Эзэн хааны баг хамгаалагч Альварог "Бавари”-д очихыг зөвшөөрсөн. Гэхдээ улирал дуустал зээлсэн юм. “Бавари” уг нь “Реал”-аас баруун хамгаалагч Ашраф Хакимиг авахыг хүссэн ч испаничууд татгалзсан байна.

Дани Ольмо – “Динамо” Загребаас “РБ Лейпциг”-т

Дани бол алдарт “Барселона” багийн хүүхдийн академид долоон жил суралцсан 21 настай залуу. 2014 онд Хорватын “Динамо”-д очсон түүнийг “Барселона” буцаан авах гэж оролдсон ч барсангүй. Испанийн шигшээ багт дуудагдаж эхлээд байгаа Дани “РБ Лейпциг” багийг сонголоо. Түүнийг мөн Италийн “Милан”, Английн “Вулверхэмптон” багууд сонирхож байсан юм. 20 сая еврогийн үнэ хүрсэн ч хэрэв амжилттай тоглох юм бол бонус нэмэгдэх гэрээтэй. Дани энэ улирал Хорватын аварга шалгаруулах тэмцээн, Аваргуудын лигт 22 тоглохдоо найман гол оруулж, долоон оновчтой дамжуулалт өгсөн юм.

Кшиштоф Пёнтек – “Милан”-аас “Герта”-д

Польш залуу Пёнтек ганц жилийн дотор “Милан” багийн гол довтлогчоос хэнд ч хэрэггүй сэлгээний тоглогч болох замыг туулсан. Тиймээс энэ өвөл зарагдах нь ойлгомжтой байлаа. Түүнийг  “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед”, “Атлетико”, “Рома” зэрэг томчууд сонирхож байсан ч хамгийн их буюу 27 сая евро амласан Германы “Герта”  өөрийн болгож чадлаа. ”Герта” энэ өвлийн цонхоор Тусар, Матеус Кунья, Сантьяго Аскасибар, Пёнтек нарыг элсүүлээд байна.

Дэнни Роуз – “Тоттенхэм”-ээс “Ньюкасл”-д

Английн шигшээ багийн хамгаалагч Роуз нэг зиндаа буурлаа. Гэхдээ энэ жил болох “Евро-2020” тэмцээнд оролцох шигшээ багт багтахын тулд түүнд талбай дээр гарах шаардлага байгаа. Харин дасгалжуулагч Жозе Моуриньо өөртэй нь маргалдаж зүрхэлсэн Роузыг сэлгээнд ч тавихаа больсон. Түүнийг Английн дөрвөн баг авахаар хөөцөлдсөн ч Роуз “Ньюкасл”-д зээлээр очиж, Жозег халагдахыг хүлээхээр шийдсэн.

Бруну Фернандеш – “Спортинг”-оос “Манчестер Юнайтед”-д

Энэ өвлийн хамгийн үнэтэй наймаа. Бруну Фернандешийн “Манчестер Юнайтед”-д шилжих түүх маш удаан үргэлжилсний эцэст талууд тохиролцоонд хүрч чадлаа. Английн баг түүний төлөө 55 сая евро төлсөн. Хэрэв Бруну амжилттай сайн тоглоод байвал энэ тоо 80 сая еврод хүрч болох гэрээтэй. Хэт үнэтэй авлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа ч Бруну Фернандеш энэ улирал Португалын лигт 28 тоглохдоо 15 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт өгсөн шилдэг тоглогч. Өнгөрсөн амралтын өдрөөр шинэ багтаа анхны тоглолтоо “Вулверхэмптон Уондерерс”-ийн эсрэг хийж, “Манчестер Юнайтед”-ийн хамгийн шилдэг нь байлаа.

Эрлинг Холанд – “Ред Булл Зальцбург”-ээс “Борусси”-д

Үнэтэй биш ч хамгийн ашигтай наймааг Германы “Борусси” хийгээд байна. 19 настай авьяаслаг норвег залуугийн төлөө тэд 20 сая евро төлсөн. Гэхдээ түүний төлөөлөгч  Мино Райолад 15 сая, аавд нь 10 сая евро өгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Таван жил зургаан сарын хугацаатай гэрээ байгуулсан Холандыг хэрэв өөр баг гэрээ дуусахаас өмнө авбал 75 сая евро төлөх заалт гэрээнд тусгагджээ. “Ред Булл Зальцбург”-т энэ улирал Эрлинг 22 тоглолтод 28 гоол оруулсан. Шинэ багтаа гурав тоглохдоо долоон гоол оруулан, Бундеслигийн рекорд тогтоогоод байгаа юм.

Кристиан Эриксен – “Тоттенхэм”-ээс “Интер”-т

Хагас жилийн дараа гэрээ нь дуусах гэж байсан тул “Тоттенхэм” түүнийг ирэх зун үнэгүй алдсанаас өвөл 20 сая еврогоор зарах нь дээр гэж үзсэн. Хэрэв урт хугацааны гэрээтэй байсан бол Италийн “Интер” хэд дахин ихийг ч төлөхөд бэлэн байлаа.  Эриксен багаа солихоор эрт шийдсэн байсан. Эхлээд Мадридын “Реал”-тай урьдчилсан гэрээ байгуулсан байсан боловч “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан энэ наймаанд хориг тавьсан. Кристиан Эриксен Италийн лигт Криштиану Роналдугийн дараа орох өндөр цалинтай тоглогч боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top