Токүшёорюүд 300 мянган иэнийн алтан жад загас бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Өнгөрсөн Нэгдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд түрүүлсэн Токүшёорюү төрсөн нутагтаа нэр хүндтэйгээр айлчилж байна. Тэрбээр Хацү башёд хэд хэдэн амжилт тогтоосон. Юуны өмнө маэгаширагийн хамгийн доод бөх башёд түрүүлж байгаа нь 2000 оны Такаторикигоос хойш 20 жилийн дараа тохиосон. Мөн Кисэ дэвжээний анхны түрүү, Нара мужид бол 98 жилийн дараа дахин түрүү бөх төрлөө. Өмнөх гурван башёд жюүрёод байсан бөх дээд зиндаанд түрүүлсэн нь мөн анх удаа тохиолдсон юм.

Токүшёорюү өөрийн төгссөн сургууль Осакагийн Кинки Их Сургуульд зочлоход сургуулиас түүнд алтан жад загас бэлэглэлээ.

Өнгөрсөн жилийн Зуны тэмцээнд түрүүлсэн Асанояма мөн Кинки их сургуулийн төгсөгч. 2019 онд Асаноямад сургуулиас нь  137 см урт, 46 кг загас бэлэглэж байсан бол энэ удаад Токүшёорюүгийн бэлгэнд авсан алтан жад 142 см урт, 47 кг жинтэй байлаа. Асаноямаг даван гарсан Токүшёорюү “Их баяртай байна. Хурдхан шиг сашими хийж идэх сэн” гэж сэтгүүлчдэд сэтгэлийн үгээ хуваалцжээ. Энэ загас 300 мянган иэнийн үнэтэй гэнэ.

Дараа нь Токүшёорюү Хацү башёгийн дундуур нас барсан Кинки их сургуулийн дасгалжуулагч Ито Кацүтогийн Нара дахь гэрт нь очиж, эмгэнэл илэрхийлэн, тэнгэрт байгаа багшдаа ирэх Хаврын тэмцээнд сайн барилдана гэж амласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top