ДАРХАН-УУЛ: Олон нийтийн цагдаа нарт тусгай хувцас хэрэглэл өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн цагдаагийн дүрмийн хүрээнд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Олон нийтийн 21 цагдаа ажиллахаас өнөөдрийн байдлаар 12 иргэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 

Өчигдөр /2020.01.05/ тэдгээр олон нийтийн цагдаа нарт өвөл, зуны 14 нэр төрлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэл, олон нийтийн цагдаагийн таних тэмдгийг гардуулан өглөө. Энэ үйл ажиллагаанд нийт 19,2 сая төгрөгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас зарцуулсан байна. 

2019 онд Олон нийтийн цагдаа нар нийтийн хэв журам сахиулах өдөр, шөнийн эргүүлд давхардсан тоогоор 358 удаа үүрэг гүйцэтгэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 374 дуудлага мэдээлэл хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлж, 218 хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд хүргүүлж, 494 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч, 362 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 459 зөрчил илрүүлэн хэсгийн болон замын цагдаагийн байцаагч нарт шилжүүлэн шийдвэрлүүлжээ. 

Дархан-Уул аймгийн ЗДТГ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top