Уран сайхны гимнастикийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын нэг Александра Солдатова амиа хорлох гэж оролдон, Москва хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа мэдээ ОХУ-ын спортын ертөнцийг шоконд орууллаа.
Нийслэлийн түргэн тусламжийн газрын ажилтан “Москва” агентлагт “Хоёрдугаар сарын 5-нд нийслэлийн нэгэн эмнэлэгт 21 настай А.Солдатоваг хүргэж өгсөн. Тэр амиа хорлох гэж оролдсон” гэж мэдээлжээ.
Эмнэлгээс дэлхийн аваргыг эмчлүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн ч шалтгааныг нэрлээгүй байна.
Удалгүй “Mash телеграм” суваг “Александра Солдатова өөрөө Москвагийн Морозовын эмнэлэгт ирсэн байна. Гараа зүссэн байсан бололтой. Эмч нарын асуултад “Тэнэгээсээ болоод ийм зүйл хийчихлээ. Гараа зүссэн ч гэнэт айгаад эмнэлэгт очихоор шийдсэн” гэж хариулсан гэнэ. Их харамсаж байжээ” гэж мэдээлсэн юм.
Харин түүний дасгалжуулагч Анна Дьяченко амиа хорлох гэж оролдсон гэдэг мэдээг үгүйсгээд, инстаграм хуудсандаа Солдаьовагийн бичлэгийг оруулсан байна. Бичлэг дээр Александра Солдатова “Хэвлэл мэдээлэлд бүү итгэ. Би хоол хийж байгаад гараа зүссэн тул эмнэлэгт очсон. Одоо зүгээр байгаа” гэж ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )