Энэтхэгийн Нью-Делид болж байгаа Азийн АШТ-ий эхний шуугиан гарлаа.
Сонгомол барилдааны 87 кг-ийн жингийн хагас шигшээд Ираны бөх Бехруз Хедаят Киргизийн Азат Салидиновыг 7:0 ялж байгаад барилдаан дуусахаас 6 секундийн өмнө хөлөө барин унаж, барилдахаа больсон юм. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч Хедаят барилдахаас татгалзаж, өрсөлдөгчийнх нь гарыг өргөсний дараа юу ч болоогүй юм шиг алхан, дэвжээг орхисон. Уг нь зургаан секунд барилдахад л доод тал нь мөнгөн медаль халаасанд нь орох байлаа.
Энэ барилдааны дараа Ираны хэвлэлд “Бехруз Хедаят санаатай ялагдаж, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Мохаммад Баныг хорлосон. Учир нь тэрбээр Азийн АШТ-ий эрх олгох “Тахти Цом”-ын тэмцээнд түрүүлсэн ч дасгалжуулагч Бан авч явахыг хүсээгүй” гэсэн мэдээ цацагдсан юм.
Харин өчигдөр Ираны бөхийн холбооны сайтад энэ явдлыг албан ёсоор тайлбарласан байна. Тайлбарт “Бехрузаас “Тахти Цом”-ын тэмцээний үеэр допингийн шинжилгээ авч, Германы Кёльн хотын лабораторид илгээсэн. Сорьцоос хориотой бодис илэрсэн мэдээ Азийн АШТ-ий хагас шигшээ барилдааны өмнө ирсэн” гэж дурдсан байна. Хэрэв Бехруз Хедаят ялж, финалд шалгарсан бол түүнээс дахиад шинжилгээ авах байлаа. Шинжилгээнээс зугтахын тулд ялагдахад л болох байтал тэр яагаад ч юм гэмтсэн болж жүжиглэсэн.
Ямар ч гэсэн иран бөх “Тахти Цом”-ын тэмцээнд допинг хэрэглэсэн хэргээр шийтгүүлнэ. Гэхдээ Азийн аваргын тэмцээнд баригдсанаас илүү хөнгөн шийтгэл авах юм. Харин Бехруз болон түүний дасгалжуулагчид спортын бус үйлдэл хийснийх нь төлөө бас шийтгэл оноох боллоо. Учир нь тэд өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн, спортын талбайг жүжгийн тайз болгон хувиргасан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Челеетийнхен угаасаа хуний еерийнгуй бугд жужигчид, манай жаргахнаран, тайчигчид энэ тэр гээд жужигчид дуурэн л байна ш дээ