Спортын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн, хэзээ ч мартагдахгүй яригдаж, дурсагдаж байдаг олон арван үйл явдал байдаг. Эдгээр үйл явдал, түүхийг “ТАВАН ЦАГАРИГ” сонин “Спортын тод түүх” булангаар цувралаар уншигчдадаа хүргэхээр шийдвэрлэлээ. Ингээд анхны цувралаа Та бүхэнд толилуулъя. Таалан соёрхоно уу!
“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин
Өдгөөгөөс яг 40 жилийн өмнө, бүүр тодруулбал 1980 оны хоёрдугаар сарын 22-ны үдэш ХХ зууны спортын томоохон үйл явдлуудын нэг, Олимпын наадмын нэгэн гайхамшигтай агшин, хоккейн түүхэн дэх хамгийн агуу тоглолтын нэг, эсвэл олны дунд “Мөсөн дээрх гайхамшиг” хэмээн нэрлэгддэг тэр түүхэн тоглолт болсон билээ. Үүнийг тэрлэгч би бээр энэхүү “гайхамшгийг” гэртээ, ахынхаа хамт “Рекорд-67” хэмээх хар, цагаан телевизороор үзсэнээ маш тод санадаг юм.
АНУ-ын Лэйк Плэсид хотноо зохиогдсон Өвлийн олимпын ХIII наадмын хоккейн тэмцээний ЗХУ-АНУ-ын багуудын энэ тоглолт яагаад спортын түүхэнд ийнхүү тод, томруун бичигдэх болсныг одоо өгүүлье.
Дэлхийн улс төр, нийгэмд ноёрхож байсан хоёр системийн хоорондох зөрчил дээд цэгтээ хүрсэн, “Хүйтэн дайны” хамгийн “халуун цагт” Зөвлөлтийн болон Америкийн баг, тамирчид аль ч спортоор, ямар ч тэмцээний талбарт хоорондоо халз учрах нь нэг ёсны үзэл, суртлын дайн болдог байлаа.
Тэгвэл энэ өдрийн “дайнд” орсон талууд хүч тэнцвэргүй тулаанд орсноороо маш онцлогтой.
ЗХУ-ын хоккейн шигшээ баг тэр үед дэлхийд ноёрхож байсан юм. Тэд 1956-1976 оны хооронд болсон зургаан олимпын тавд нь түрүүлсэн, 1963 оноос хойш зохиогдсон олимпын наадам, ДАШТ гээд 21 том тэмцээний 18-д нь түрүүлчихсэн агуу амжилттай байв. “Лэйк Плэсид-1980” олимпын наадамд шигшээ багийг алдарт В.Тихонов удирдаж байв. Багийн бүрэлдэхүүнд 1978, 1979 оны ДАШТ-д дараалан түрүүлсэн, 1979 онд НХЛ-ийн мэргэжлийн лигийн шигшээ багийг цуврал тоглолтод хожсон, Михайлов-Петров-Харламовын алдарт гурвал, домогт хаалгач В.Третьяк, А.Мальцев, Х.Балдерис, В.Васильев нарын хашир туршлагатай тоглогчид, шинээр тодорч байсан С.Макаров, В.Крутов, В.Фетисов, А.Касатонов, А.Мышкин гээд шижигнэсэн залуусаас багтсан, ёстой л хэнд ч хожигдохооргүй баг байлаа. Гол өрсөлдөгчид болох Чехословак, Шведийн багийг хоёр оронтой тоогоор хождог, ер нь нэг үгээр ЗХУ-ын багт өрсөлдөгч байхгүй, Олимпын аварга болно гэхэд хэн ч эргэлзэхгүй байлаа.
Тэгвэл АНУ-ын хоккейн шигшээ багт медаль авах ямар ч найдлага, тооцоо байгаагүй. Хэдийгээр олимп нутагт нь болж буй ч хоккейчдоо амжилт гаргана гэж америкчуудын ой толгойд огт орж байгаагүй гэдэг. Вьетнамын дайнд ялагдсан, Уотергэйтийн хэрэг, нефтийн хямрал, эдийн засгийн уналт, Иран, Афганистаны “асуудал” гээд америкчуудын итгэл, үнэмшил түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр навс унасан цаг үе болохоор арга ч үгүй биз.
Тэгээд ч АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн 100 хувь оюутны багуудаас сонгосон тоглогчдоос бүрдсэн. Хэдэн муу “нусгай оюутан” олимп, дэлхийн олон удаагийн аварга ЗХУ-ын хүчирхэг багт хэдээр хожигдох бол доо л...
Олимп эхлэхээс ердөө гуравхан хоногийн өмнө хоёр баг Нью-Йорк хотноо нөхөрсөг уулзалт тоглолт хийхэд ЗХУ-ын баг АНУ-ын багийг 10:3-аар бут ниргээд байлаа. Энэ тоглолтын дараа ЗХУ-ын баг өөрсдийн сүр, хүчиндээ улам итгэж, харин АНУ-ын хоккейчид өөрсдийн үнэн байдлаа ойлгож авсан гэдэг.
АНУ-ын баг 1979 оны ДАШТ-д долоодугаар байр эзлэхэд дасгалжуулсан Херб Брукс Олимпын багийг удирдсан бөгөөд гол тоглогчид нь Миннесота болон Бостоны Их сургуулийн багийн тоглогчдоос бүрдсэн байлаа. Энэ хоёр их сургуулийн хоккейн баг хоорондоо эвлэршгүй өрсөлдөгчид байснаас баг доторх уур амьсгал ч эхэндээ тун таагүй байсан гэлцдэг. Хербс сэтгэл зүйн том мэргэжилтэн байсан нь хожмоо мэдэгдсэн билээ. Тэрбээр Олимпын багт 400 тоглогчийн нэрийг дэвшүүлж, тэднээс 300 асуулттай тест авч багаа сонгосон юм билээ. Түүнд оддын өвчин тусаагүй, үнэнч, хөдөлмөрч залуус, шилдэг тоглогч биш, өөрийнх нь санааг талбайд төгс хэрэгжүүлэх тоглогч л хэрэгтэй байсан ажээ. Херб Брукс багийн тоглолтод Канадын хоккейн хүч, Европын хоккейн комбинац хослуулсан хэв маягийг эзэмшүүлэхийг зорьсон байна. Тэрбээр багийн тоглогчдын бие бялдрыг гойд анхаарч, тэсвэр тэвчээр, ачаалал даахад гойд анхаарсан ажээ. ЗХУ-ын эсрэг тоглосон багууд гуравдугаар үед эсэргүүцэл үзүүлэх чадалгүй болтлоо ядарсан байдгийг ч ажиглаж. Тиймээс ч олимпын өмнөх 5 сарын хугацаанд Америк, Канад, Европоор аялан нийтдээ 62 тоглолт хийжээ. Ачааллыг хэвийн хэмжээнээс хэд дахин илүү өгчээ.
За ингээд Олимпын наадам эхэлж, хоккейн тэмцээнд 12 баг хоёр хэсэгт хуваагдан тоглолоо. ЗХУ-ын баг Канад, Финланд, Япон, Польш, Холландын багийг хожин, өрсөлдөгчдийнхөө хаалганд 51 шайб оруулан хэсгээсээ нэгээр төвөггүй гараад ирлээ. Харин АНУ-ын баг эхний тоглолтдоо Шведийн багтай сүүлчийн мөчид тэнцсэн ч, Чех, Норвег, Румын, ХБНГУ-ын багуудыг хожин хэсгээсээ хоёроор гарав. Тэмцээний журмын дагуу шигшээ тоглолтод шалгарсан дөрвөн баг нөгөө хэсгийн хоёр багтаа тоглох бөгөөд харин өөрийн хэсгээс гарсан багтай хийсэн хэсгийн тоглолтын дүн шууд тооцогдох ёстой байлаа. Нэг үгээр хэлбэл шөвгийн дөрвийн тоглолт эхлэхэд ЗХУ нэг хожилтой, Финланд нэг хожигдолтой, харин Швед, АНУ-ын баг нэг, нэг тэнцээтэй байсан гэсэн үг. За ийм л нөхцөл байдал, цаг үед, 1980 оны хоёрдугаар сарын 22-нд Лэйк Плэсид хотын 10000 хүний суудалтай Fieldhouse Olympic (2005 онд энэ ордныг Херб Бруксийн нэрэмжит болгосон) ордонд хожмоо хоккей, спорт, олимпын түүхэнд тодоор бичигдэх ЗХУ-АНУ-ын шигшээ багуудын тоглолт эхэлсэн билээ. Зөвлөлтийн “Орбит” станц уг тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд ахынхаа хамт түүхэнд үлдсэн энэ тоглолтыг гэртээ үзэж сууснаа дээр өгүүлсэн. Ах маань алийг нь дэмжсэнийг сайн мэдэхгүй байна. Уг нь Шведийн улаан фэн. Миний хувьд Канадын хоккейн багийг “амь хайргүй” дэмждэг байсан ч баг маань хэсгээсээ ч гаралгүй, тавдугаар байрны төлөө Чехословакт 1:6-аар уншуулаад тун урвагар байсан л даа. “Манайхыг” буюу Канадын багийг тэр үед ЗХУ-ын хоккейчид дандаа хождог болохоор их дургүй байсан болохоор АНУ-ын багийг дэмжиж суусан юм даг.
За энэ яах вэ. Тоглолт эхлээд удалгүй ЗХУ-ын баг эхний шайбыг орууллаа. Касатоновын холын хүчтэй цохилтыг АНУ-ын хаалгач, 30 дугаартай Жим Крэйг хаасан ч Крутов нэмээд 1:0. За ингээд л цувуулж эхлэх нь дээ гэж бодож байтал тун хурдан америкууд тоог тэнцүүллээ. Тоглолт ч сонирхолтой болоод явчихлаа шүү. Дараа нь Макаровын оруулсан шайбын ачаар Зөвлөлтийн баг дахин хошуучилж эхэлсэн ч эхний үеийн сүүлчийн хоромд АНУ-ын хоккейчид тоог дахин тэнцүүлэх нь тэр. Маш холоос, бараг л улаан шугамаас Америкийн нэг тоглогч Третьякийн хаалга руу шидсэнийг домогт хаалгач маань барьж чадалгүй өмнөө ойлгох нь тэр. 10 дугаартай Марк Жонсон юу юугүй давхиж ирээд чихчих нь тэр.
Зөвлөлтийн дасгалжуулагчид шүүгчтэй маргалдах нь харагдана, бодвол цаг дууссан гээд байгаа бололтой ордны адарт өлгөөтэй табло руу заагаад л. Тоглогчид ч завсарлага болсон гэж бодоод хувцас солих өрөө рүү орчихсон. Тэгж, тэгж байгаад шүүгчид тоглолтын цаг 19:59 буюу эхний үе дуусахад 1 секунд дутуу байсан гэсэн шийдвэр гаргаад тоглолтыг төвд шайб хаяад дуусгах болжээ. Хачирхалтай ЗХУ-ын багаас ердөө гурван тоглогч мөсөн дээр, харин хаалган дээр Третьякийн оронд Мышкин гарч ирлээ. Ганц шайб хаяад л цаг дуусах юм чинь хэдэн тоглогч, хэн байх нь хамаагүй гэсэн бололтой.
Харин хоёрдугаар үе эхлэхэд хаалган дээр Мышкин хэвээрээ. Третьякийг сольсон нь одоо тодорхой боллоо. Чухам энэ шийдвэр хожигдлын гол үндэс болсон гэж хожим Тихонов өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Домогт хаалгачийг сэлгээнд суулгасан нь америкуудад багагүй итгэл өгсөн байх. Их л идэвхтэй, тэнцүүхэн тоглосон. Энэ үед Мальцев илүү хүнтэй тоглож байх үед шайб оруулснаар “Ах нар” 3:2-оор дахин хошуучилж эхэллээ.
Шийдвэрлэх гуравдугаар үе. Крутов Жонсон дээр алдаа гаргаж торгуулан, америкууд хүний илүүтэй байхад Жонсон тоог 3:3 болголоо. Ордон бараг нурах гэж байгаа бололтой. Америкийн спортын фэнүүдийн алдарт уухай болох “Юү Эс Эй, Юү Эс Эй” хэмээх дуун ордон даяар хадаж байгаа нь ТВ-ээр үзэж суугаа бидэнд ч тодхон сонсогдоно. Одоо бол хэдийнээ дасал болсон энэ уухай чухам энэ олимпоос хойш л америк фэнүүдийн “сүлд дуу” болсон гэдэг юм билээ.
ЗХУ-ын хоккейчдийг сэхээ ч авч амжаагүй байхад Америкууд дахин нэг шайб оруулж, 4:3-аар хошуучилж эхлэх нь тэр. Ёстой санаанд багтамгүй юм болж байна аа. Энэ удаа АНУ-ын багийн ахлагч 21 дугаартай Майк Эрузион (Олимп эхлэхэд АНУ-ын ганц ч тоглогчийн нэрийг мэддэггүй байсан би олимпын явцад хаалгач, хачин өвөрмөц масктай Жимми Крэйг, довтлогч Марк Жонсон, багийн ахлагч Майк Эрузион болон бусад олон тоглогчдыг таньдаг болсон байлаа) Мышкиний хаалганд шайбыг оруулжээ. Гэхдээ энэ гоол дээр ЗХУ-ын хамгаалагч, андуураагүй бол Стариков маш том алдаа гаргасан санагдаад байдаг юм. Энэ удаа америкууд бүүр галзуурах нь ээ.
Гэхдээ цаг яагаа ч үгүй, 10 минут дутуу. Оросууд сандарч эхэлж байх шиг. Ийм байдалд ороход тэд сэтгэл санааны хувьд ч бие бялдрын хувьд ч бэлэн байгаагүй бололтой. Хэдийгээр хэд хэдэн боломж гаргасан ч ашиглаж чадсангүй “ах нар”.
Америкууд мөсөн дээр ёстой л дүүлж байна. Хурд нь гайхалтай. Гуравдугаар үед ийм хурдтай гулгана гэдэг. 30-40 секунд тутам Херб Брукс тоглогчдоо сольж, тоглолтын хурд, темп нь огт саарахгүй. Тоглолтын цаг дуусах дөхсөөр.
Одоо амгалан тайван, ихэмсэг Тихонов ч тэвдэж байх шиг. Зогсоо зайгүй хашгичиж харагдана. Бүүр “паник”-т оржээ. Тоглолтын сүүлчийн хэдэн минутад эрч хүчтэй Макаров, Крутов нарыг мөсөн дээр гаргалгүй, Михайлов-Петров-Харламов нарын энэ олимпод тун муу тоглосон ахмад гурвалаа гаргав. Тоглолтын төгсгөлд шийдсэн “мэхээ” хийж Мышкинийг зургаа дахь тоглогчоор ч сольсонгүй. Ордонд “Юү Эс Эй” уухай одоо “10...9...8...7... гурав, хоёр, нэг...” хэмээн тоолохоор солигджээ. Тиймээ тийм тоглолтын цаг дуусжээ.
АНУ-ын хэдийгээр хамгийн хүчтэй өрсөлдөгч ЗХУ-ын шигшээг хожсон ч бүүр медальгүй хоцорч ч мэдэхээр эгзэгтэй байлаа. ЗХУ-АНУ-ын багуудын тоглож байхад Финланд-Шведийн багууд 2:2 -оор тэнцсэн байв. Хэрэв сүүлчийн тойрогт ЗХУ-Швед тэнцээд, Америкууд Финландад хожигдвол бүх баг гурван оноотой болж, шайбны зөрүү харна. Ингээд шийдвэрлэх тойрогт АНУ Финландын багт эхний хоёр үеийн дараа 1:2-оор хожигдож явлаа. Сүүлчийн үеийн өмнөх завсарлагаагаар Брукс тоглогчдодоо “Хэрэв та нар энэ тоглолтод хожигдвол булшинд орон ортол чинь хар нэр салахгүй шүү!!!” хэмээн хэлсэн гэдэг. Ер нь Брукс өөрийн ч тоглогчдод хэзээ хаана ямар үг хэлэхийг маш сайн мэддэг байлаа.
Шийдвэрлэх гуравдугаар үед Америкууд Финландын хаалганд 3 шайб оруулан, 4:2-оор хожин Олимпын аварга боллоо. Тоглолтын дараа аварга багийн ахлагчийн шагналын тавцанд урихад Эрузион багийнхаа нөхдийг бүгдийг шагналын тавцанд гарахыг хүссэн гэдэг. Үүнээс хойш хоккейн тэмцээний шагналын тавцан өргөн байх болж, багийн ахлагч ганцаараа шагналын тавцанд зогсдог байсан уламжлал өөрчлөгдсөн гэдэг.
Хэзээ ч үл мартагдах, спортын түүхэн дэх нэгэн гайхамшигт тоглолтын түүхийг товч өгүүлэхэд энэ ажгуу. Олимпын дараа АНУ-ын багийн 20 тоглогчийн 13 нь мэргэжлийн лиг НХЛ-д хүчээ сорьж, дасгалжуулагч Херб Брукс ч мөн НХЛ-ийн багуудыг цөөнгүй жил дасгалжуулсан.
ЗХУ-ын шигшээ ч бараг л тэр бүрэлдэхүүнээрээ 1981 онд ДАШТ-д түрүүлж, “Канадын цом”-ын финалд дан мэргэжлийн хоккейчдоос бүрдсэн Канадын шигшээг 8:1-ээр хожиж, дэлхийд хүчтэй гэгээ нотолсон.
Хувь заяаны тохиол уу? Аль эсвэл аз од нь ивээсэн үү? 2002 оны Солт Лэйк Ситид болсон Өвлийн олимпыг сурвалжилж явахдаа 22 жилийн өмнө цэнхэр дэлгэцээр үзэж суусан “Мөсөн дээрх гайхамшиг”-ийн баатруудтай биеэр уулзаж билээ. Тэд тус олимпын бамбарыг асаасан юм. Олимпын тосгонд домогт дасгалжуулагч Херб Брукстэй гар барьж, патиараа татуулж байхдаа ёстой л нөгөө “Та бүхэн гайхамшиг байдаг гэдэгт итгэдэг үү? Тиймээ, бүүр огт итгэмээргүй гайхамшигт” хэмээн “Мөсөн дээрх гайхамшиг” хэмээн хожим алдаршсан тэр тоглолтын төгсгөлд Америкийн АВС ТВ-ийн тайлбарлагч Эл Майклсийн дуу алдсан нь өөрийн эрхгүй бодогдож байлаа.
Херб Брукс 2002 оны олимпод дахин АНУ-ын шигшээг дасгалжуулсан бөгөөд хагас шигшээд ОХУ-ын багийг 3:2-оор ахин хожиж, финалд Канадын баг хожигдон мөнгөн медаль хүртэж билээ. Харамсалтай нь Херб жилийн дараа автомашины ослоор өөд болсон юм.
1980 оны АНУ-ЗХУ-ын хоккейн тэр тоглолт олимпын болон спортын түүхэнд тодоор бичигдсэнээс гадна урлагт ч нэг бус удаа “мөнхөрсөн”. Америкууд 1981 онд “Miracle on Ice”, 2004 онд “Miracle” нэртэй уран сайхны кино, 2001 онд “ Do you Believe in Miracle” баримтат киног тус тус бүтээсэн билээ.
Америкчууд уг тоглолтыг Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллага, Нил Армстронгийн саран дээр буусантай зиндаа адил үйл явдал гэж үздэг гэхээр л “Мөсөн дээрх гайхамшиг”-ийн үнэ цэнэ, олон түмэн, улс эх оронд нь хэрхэн нөлөөлснийг мэдэж болно. Манай 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөртэй ч жишиж болохоор...
Сэтгэгдэл ( 6 )
saikhan dursamj baina ta nar sain uu minii feisbuuk hayg badamgarav battur oyunmaad ogoorei
Сайхан цуврал эхлүүлж байгаа юм байна. Амжилт хүсье.\nТэр үйл явдлыг мөн үзэж байсан хүний хувьд дурсамжийг маань сэргээж сэтгэл ихэд хөдөлгөв.\nБаярлалаа.
shaana biz ter ueiin amerk kanaduud dandaa mergejliinh baisan shuu
Энхтүвшин 80 онд англи хэлэндээ ус цас байжээ . Хэдэн настай байсан юм бол доо
Оросууд мундаг хогийн америкийг нутгийн дэвжээ фенүүдийн уухай түшээ биз дээ өөр яав л гэж.
Оросууд хүч түрэмхийлж маш бүдүүлэг тоглодог.ямарч уран тоглолт байхгүй. Жаахан хожигдоод ирвэл бүр бантаж байнга түрэмгийлж зодоон хийдэг байсан. Энэ тоглолтоос гадна Канад -Оросын 1972 оны сүпер сери гэж түүхэнд үлдсэн гайхалтай тоглолт байдаг Оросууд бантаж өөрийнхээ талбайд 3 дараалан хожигдсон.