Катар 2022: Мьянмарын шигшээг НАЙРААНЫ хэргээр шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн урьдчилсан шатны F хэсэгт Монголын багтай өрсөлдөж байгаа Мьянмарын шигшээ багийг найрааны хэргээр шалгаж эхэлжээ.

“ОУХБХ, Азийн хөлбөмбөгийн холбооны шалгалтын хэсэг Мьянмарт ирээд байна” гэж Мьянмарын “Eleven” сонин мэдээлсэн байна.

Найраа хэмээн сэжиглэгдэж байгаа тоглолт нь 2019 оны аравдугаар сарын 10-нд Киргизийн Бишкек хотын “Dolen Omurzakov Stadium” цэнгэлдэхэд болсон тоглолт бөгөөд Мьянмарын баг 0:7 харьцаатай ялагдсан билээ.
 


“Eleven” сонинд “ОУХБХ-ноос тус тоглолтыг өмнө нь тохиролцсон тоглолт байсан гэж сэжиглэж байна. Тус тоглолтод оролцсон найман тоглогчид бичлэг үзүүлэн, байцаан, шалгаж байна” гэж бичжээ.

Мьянмарын хөлбөмбөгийн холбооны тэргүүн “Бид ямар ч найраа байгаагүй гэж итгэж байна. ОУХБХ-ноос жирийн үед ч ийм шалгалтыг байнга явуулдаг. Олон тоогоор ялагдсан болохоор сэжиглэж байгаа байх. Манай холбооноос шалгалтад тусалж, хэрэгтэй материалыг гарган өгч байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Мьянмарын шигшээ баг эхний тойрогт Монголын шигшээд 0:1, хоёрдугаар тойрогт Японы багт 0:2 ялагдсан ч тун сайн тоглож байсан. Гэвч гуравдугаар тойрогт Киргизийн багт бут ниргүүлсэн юм. Эхний үед таван гоол алдсан.
 


Гурав дараалан ялагдсаны дараа тамирчид, балиашгуудын дэмжлэгийг хүлээхгүй байсан дасгалжуулагч Миодраг Радуловичийг халж, хуучин дасгалжуулагч болох Герман мэргэжилтэн Антуан Хейг буцаан авчирсан. Ингээд Тажикстан, Монголын багийг дараалан ялж, манай багийн дээр бичигдэж эхэлсэн билээ.

“Eleven” сонинд “Баталгаатай биш ч гэсэн дотоодын лигийн тэмцээнд ч сэжигтэй тоглолт хэд хэд байсан. Хэвлэл мэдээллээр мэдээ гарахад Мьянмарын хөлбөмбөгийн холбоо дардаг байсан. Энэ бүхэн ОУХБХ-ны сэжгийг төрүүлсэн байх магадлалтай” гэж бичжээ.
 


Мьянмарын шигшээ баг ирэх гуравдугаар сарын 26-нд Японтой Токиод, 31-ний өдөр Киргизийн багийг талбайдаа хүлээн авах хуваарьтай байгаа. Гэхдээ найраагаар ялагдсан нь батлагдвал таван жилийн шийтгэл хүлээж ч болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(92.251.182.3) 2020 оны 02 сарын 21

Mal ium daa chi Gaadan

0  |  0
гаадан(202.9.40.149) 2020 оны 02 сарын 21

монголын хөлбөмбөгийн баг гэсэн чинь үнэн инээдтэй..яг жингүүдэлд оруулчихсан юм шиг аймшигтай удаан..бөмбөгөө тууна мууна гэж үнэн татаагаад хаячихна..хуурах энэ тэрийг огт мэдэхгүй..тэгээд бас шигшээ гээд байгаа шүү..

2  |  1
Top