Каталоны алдарт “Барселона” багийн хувьд хүнд хэцүү үе тулгараад байна.
Испанийн лигийн тэргүүн байраас бууж, дасгалжуулагчаа сольсон ч тоглолт сайжирсангүй. Багийн захирал Эрик Абидаль тоглогчдоо шүүмжилж, Месси хэвлэлээр дамжуулан хатуу хариу өгсөн. Гэтэл бас нэгэн шинэ шуугиан гарлаа. “Барселона”-гийн Захирлуудын зөвлөлөөс удирдлагаа хамгаалахын тулд их хэмжээний мөнгө төлж, пиар хийсэн, удирдлагаа шүүмжилдэг тоглогчдоо олон нийтийн сүлжээгээр өөлдөг байсныг хэвлэл мэдээллээр бичээд байгаа.
Энэ үед багийн лидер Лионель Месси Каталоны “Mundo Deportivo” сонины редакцид зочилж, илэн далангүй ярилцлага өгсөн байна. Ярилцлагын гол хэсгийг орчуулан хүргэж байна.
-Гэр бүл, хувийн амьдрал
-Барселонад ирсэн анхны өдрөөс л Антонелла үргэлж хамт байж, тусалж байсан. Тэр миний амьдралыг тайван байлгаж чаддаг. Тэгэхгүй бол хөлбөмбөгөөс амьдралын өөр зүйлд шилжихэд хэцүү үе тохиолддог. Би амьдралдаа сэтгэл дүүрэн байдаг. Амьдарч байгаа Кастельдефенс дүүрэг, өдрийн дэглэм, гэрбүл гээд бүх юмандаа сэтгэл хангалуун. Би хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөдөг. Гурван хүүхэд ч олон шүү. Орой болоход бид их ядарсан байдаг тул эрт унтдаг. Мягмар, Пүрэв гарагуудад бид хүүхдүүдээ хөлбөмбөгийн сургуульд аваачиж өгөөд долоон цагт гэртээ харьдаг. Жирийн сайхан амьдрал.
-“Барселона” багаас гарах тухай
-Энэ асуултад урьд өмнө хэлж байсан үгээ л давтаж хариулъя. Баг намайг байлгахыг хүсэж байвал миний зүгээс асуудал байхгүй. Би “Барселона” багт байх дуртай, энэ багтайгаа цуг дахин Аваргуудын лигт түрүүлэх хүсэлтэй. Манай багт амжилттай сайн төсөл хэрэгтэй байгаа. Миний гэрээнд энэ улирлын дараа өөр багт үнэгүй очиж болно гэсэн заалт байгаа ч энэ огт хамаа байхгүй. Урьд нь ч гэсэн өөр багт орох боломж гарч, хэрэгтэй мөнгийг төлөх багууд ч байсан. Дахиад хэлэхэд баг хүсэж байвал миний зүгээс асуудал байхгүй.
-“Барселона”-гийн тоглолтын өөрчлөлт
-Шинэ дасгалжуулагч ирсэн болохоор тоглолт ч өөрчлөгдөнө. Дасгалжуулагч болгон өөрийн үзэл бодолтой. Вальверде биднээс нэг зүйл хүсэж байсан бол шинэ дасгалжуулагч өөр зүйл хүснэ. Тийм болохоор бидэнд одоо хүндрэлтэй байгаа. Сетьен надад дураараа тоглох эрх чөлөө өгдөг. “Бильбао”-той хийсэн тоглолт шиг довтолгооны үзүүрт, заримдаа жигүүрт гаргадаг. Бас нэгэн өөрчлөлт бол одоо хаалгач бөмбөг оруулах зэргээр тоглолтод илүү их оролцдог болсон. Энэ нь эрсдэлтэй ч багийг хамгаалалтаас довтолгоонд шилжүүлэхэд хэрэг болдог. Мөн прессинг их хийдэг болсон. Бид бөмбөг алдаад л прессинг хийх ёстой. Энэ бүх өөрчлөлтөд дасахад цаг хугацаа хэрэгтэй. Сетьен тоглогчидтой их ойр байдаг. Бүх зүйлийг бидэнтэй ярьж зөвлөдөг.
-Вальверде халагдсан талаар
-Вальверде ажлаас халагдсан нь миний сэтгэлийг гонсойлгосон. Тэр бол агуу дасгалжуулагчаас гадна гайхалтай сайн хүн. Бидний оноо алдсан тоглолтуудад дасгалжуулагч гэхээсээ тамирчдын хариуцлага, алдаа их байлаа. Гэхдээ багийг бүгдийг нь сольсноос ганц дасгалжуулагчийг солих нь хялбар шүү дээ. Супер Цомын төлөө тэр нэгэн тоглолтод манай баг тоглолтыг хянаж байсан ч таван минутын дотор хасагдчихсан. Гунигтай дууссан.
-Пример лиг, Аваргуудын лигт түрүүлэх боломж
-Энэ улирал “Реал” Мадрид, “Барселона”-гийн аль аль нь оноо их алдаж, тогтворгүй байгаа. Тиймээс аваргын цомын төлөөх өрсөлдөөн сүүлийн тойрог хүртэл үргэлжлэх байх. “Сельта”-д дараа нь ялагдвал “Класико”-д яллаа гээд аварга болчихгүй. Энэ жил манай баг Аваргуудын лигт түрүүлэх хэмжээнд хүртэл сайн биш байгаа. Найдвартай байдал дутагдаж байна. Бид бүтэн жил тогтворгүй тоглож, тэнэг алдаа ч их гаргалаа. Энийг зогсоох хэрэгтэй. “Рома”, “Ливерпуль”-тэй хийсэн тоглолтын үеэр бид талбай дээр нэг нэгнээ мэдрэхгүй болсон байсан. Аваргуудын лигт ганц алдаа гаргахад л хасагдана шүү дээ. Тийм болохоор шинэ дасгалжуулагчийн үзэл санааг аль болох хурдан эзэмших хэрэгтэй байна.
-“Рома”, “Ливерпуль”-тэй хийсэн тоглолт
-Би одоо ч юу болсныг ойлгоогүй хэвээр байгаа. “Рома”-тай хийсэн шиг тийм тоглолт тохиолдож болно. Харин жилийн дараа яг адил ялагдсаныг би тайлбарлаж чадахгүй байна. Бид “Ливерпуль” талбай дээрээ олон гоол оруулж чадна гэдгийг ойлгож байсан. Тийм тоглолт болоход бэлэн байсан ч дахиад л ялагдсан. Тэд биднээс бүх талаар илүү байлаа. Гэхдээ бидэнд ашиглаагүй боломж бас байсан.
-Криштиану Роналду-
”Реал” түүнийг явуулснаар маш их гоол алдсан. Мэдээж Роналду гоолоос өөр олон зүйл багтаа өгдөг. Тэр өчүүхэн боломж гарахад л гоол оруулдаг довтлогч. “Реал” олон сайн тоглогчтой ч Роналду улиралд 50 гоол хийдэг. Одоо энэ гоолууд “Реал”-д дутагдаж байна.
-Абидальтай хийсэн маргаан
-Яагаад Абидаль тоглогчдыг шүүмжилснийг мэдэхгүй ч над руу дайрсан мэт л санагдсан. Багийн дотоод хэргийн талаар тэртэй тэргүй маш их бичдэг. Тоглогчид дасгалжуулагчаа сонгодог, сольдог, ялангуяа Месси гээд л. Би хамаг шийдвэрийг гаргадаг мэтээр. Харин энэ шүүмжлэлийг захирлуудын нэг хэлнэ гэдэг байж болшгүй. Дасгалжуулагчийг халах гэж тамирчид оролдсон гэж хэлэх нь солиорол. Захирал өөрөө шийдвэр гаргадаг хүн. Захирал тоглогчдынхоо өмнө хариуцлага үүрэх ёстой. Тоглогчид дасгалжуулагчид сэтгэл хангалуун биш байна гэж хэний ч нэрийг дурдахгүйгээр хэлэх нь багийн бүх тоглогч руу дайрч байгаа хэрэг.
-“Барса”-гийн удирдлагаа хамгаалах ПИАР
-Ёстой санамсаргүй явдал болсон. Бид ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр тоглогчдод хэвлэлд ярьсан зүйлээ л хэлсэн. Тийм болохоор энэ бүх зүйл үнэн эсэхийг мэдэхгүй байна. Баталгаа хэрэгтэй. Манай багт нэгдүгээр сараас эхлээд л ямар нэг асуудал заавал гарч байгаа. Тоглолтдоо анхаарлаа хандуулах боломж гарахгүй байна. Цомын төлөө шийдвэрлэх сарууд ирээд байхад ингэж болохгүй.
-Аваргуудын лигийн өрсөлдөгчид
-“Манчестер Сити” багийг Аваргуудын лигээс хассан шийдвэрийг сонсоод их гайхсан. Дүрэм зөрчсөн багийг хасна гэж хэн ч бодоогүй байсан. ПСЖ бол торгууль төлөөд өнгөрсөн санагдаж байна. Үнэхээр их мөнгөтэй, олон тоглогчтой “Ман Сити” шиг баг Аваргуудын лигээс хасагдвал их л хачирхалтай явдал болно. Хасагдвал Агуэро “Барса”-д ирэх үү гэж үү? Мэдэхгүй, Аваргуудын лигт оролцохгүй багаас олон тоглогч явахыг хүсэж магадгүй юм. Хамгийн хүнд өрсөлдөгч гэвэл бүгд л хэцүү гэдэг нь эхний тоглолтоос л харагдсан. “Ливерпуль” ялагдлаа, ПСЖ ялагдлаа. Энэ улирал түрүүлэх магадлал хамгийн өндөр баг гэвэл “Реал”, “Ювентус”, “Ливерпуль, ПСЖ. “Ливерпуль”-тэй дахиж тоглохыг хүсэж байна уу гэж үү? Бид эхлээд “Наполи”-той тоглох хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )