Азийн хөлбөмбөгийн холбооноос COVID-19 вирусийн халдвартай холбогдуулан Азийн Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн Ираны багуудын тоглолтыг хойшлуулснаа зарлалаа.
Иранд энэ вирусийн халдварын тохиолдол 245 бүртгэгдэж, 26 хүн амиа алдаад байгаа юм.
Гуравдугаар сарын 2-3-нд болох байсан Аль-Вахда (АНЭУ) – Эстегляль (Иран), Персеполис (Иран) – Аль-Таавун (Саудын Араб), Шабаб Аль-Ахли (АНЭУ) – Шахр Худру (Иран), Сепахан (Иран) – Аль-Наср (Саудын Араб) тоглолтоос гадна БНСУ-ын Сөүл — Чианграй Юнайтед (Таиланд) ч мөн хойшлогдлоо.
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Винзор Жон “Бид гишүүн бүх оронтой холбоо барин, ажиллаж байгаа. Ойрын өдрүүдэд Баруун, Зүүн Азийн төлөөлөгчидтэй шуурхай хурал хийнэ. COVID-19 вирусийн халдвар “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээнд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ” гэж мэдэгдлээ.
Коронавирусийн улмаас Азийн хөлбөмбөгийн холбооны Цомын тэмцээний хоёрдугаар шатны Улаанбаатар Сити (Монгол) — Каосьюн Тайпауэр (Тайвань) тоглолтыг дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан билээ.
Мөн Киргизэд “Нефтчи” багтай хийх тоглолтод оролцохоос дур мэдэн татгалзсан Туркменистаны “Ахал” багийг тэмцээнээс хасжээ.
Сэтгэгдэл ( 0 )